"Гэнэтийн ослын удирдлага" сургалтад 41 алба хаагч оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-01 18:23:06
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Ойн албатай хамтран зохион байгуулж буй “Гэнэтийн ослын удирдлага” сэдэвт сургалт өнөөдөр эхэллээ.


Сургалт нь Монгол Улсын гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд гэнэтийн ослын үеийн удирдлагын систем нэвтрүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх, албан хаагчдыг сургаж дадлагажуулах, сургагч багшийг бэлтгэх зорилготой юм.



ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян хэлэхдээ, “Гэнэтийн ослын үеийн удирдлагын тогтолцоог Монгол Улсын гамшгийн удирдлагын тогтолцоонд нэвтрүүлэхэд цаг хугацаа орно гэдгийг бид мэдэж байгаа. Энэхүү тогтолцоог Монгол орны онцлог, хэрэгцээ, нөөц бололцоонд тохируулан үр ашигтай байлгахын тулд бид хамтран ажиллах ёстой. Үүнд өнөөдөр энд цугласан та бүхний оролцоо нэн чухал үүрэгтэй юм”  хэмээв.



Энэ удаагийн сургалтад АНУ-ын Ойн албанаас сургалтын багийн ахлагч Крис Нобель, сургагч багш Майкл Копит це, Тим Мөрфи нарын сургагч багш нар оролцож байгаа бол Монголын талаас Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, Гамшгаас хамгаалах улсын албад, мөн Дорнод, Өмнөговь, Ховд, Орхон аймгуудаас 41 алба хаагч оролцож байна. Сургалт дөрөвдүгээр сарын 1-5-ны хооронд үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ