Дэлхийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгчөөр Андрей Михнев томилогдов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-04-01 17:33:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгчөөр Украины иргэн Андрей Михнев томилогджээ.


Ноён Андрей Михнев Монгол Улсад хэрэгжүүлж буй Дэлхийн банкны хөтөлбөрүүдийг удирдах үүрэгт ажлаа өнөөдрөөс хүлээн авч буй юм. Тэрбээр, “Монголын хөгжил дэвшлийн төлөө Засгийн газар болон бусад оролцогч талуудтай хамтран ажиллах гэж байгаадаа тун баяртай байна. Монгол улсыг эдийн засгийн өсөлт, дэвшилтэд хүргэх мэдлэг туршлага Дэлхийн банкинд хангалттай байгаа” хэмээв.

Андрей Михнев нь Киевийн Их сургуульд олон улсын эдийн засгийн докторын зэрэг хамгаалсан бөгөөд олон улсын эдийн засгийн хөгжлийн салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай юм. Тэрбээр Монголд ирэхийнхээ өмнө Ойрхи Дорнод болон Персийн булангийн орнуудад өрсөлдөх чадвар ба хувийн хэвшилд тулгуурласан өсөлтийг сайжруулах Дэлхийн банкны хөтөлбөрийг удирдаж байв. Мөн Америк, Саб-Сахар Африк, Өмнөд Ази, Хойд Африк, Европ, Төв Азийн орнуудад эдийн засгийн шинэчлэл хийхэд төвлөрөн ажиллаж байжээ.

Дэлхийн банк 2019 оны гуравдугаар сард Монгол улсад оруулах тусламж болон зээлийн хэмжээгээ 230 сая ам.доллароор нэмж, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, эрчим хүч, боловсрлын салбарыг хөгжүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буй юм. Санхүүгийн дэмжлэгээс гадна Монголын дунд болон урт хугацааны хөгжлийн зорилтуудыг сайжруулах зөвлөх үйлчилгээ үзүүлж байна.

Холбоотой мэдээ