Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар зөвлөгөөн зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн
Өлгий хотод "Үндэсний үйлдвэрлэлийг дэмжье-хариуцлагатай хэрэглээ" зөвлөгөөн
өнөөдөр боллоо.
Зөвлөгөөнийг аймгийн ЗДТГ, Гаалийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Стандартчилал, хэмжилзүйн хэлтэс, "Дэлхийн зөн Монгол" олон улсын байгууллагын Баян-Өлгий орон нутгийн хөтөлбөр, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах орон тооны бус салбар зөвлөл зэрэг байгууллагууд хамтран зохион байгууллаа.
Эх оронч худалдан авалтыг дэмжих,
хариуцлагатай хэрэглээ төлөвшүүлэх, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж шударга
өрсөлдөөн бий болгох зорилготой уг зөвлөгөөнд сумын удирдлагууд,
хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллагын
төлөөллүүд, бизнес эрхлэгчид оролцлоо.
"Өнөөдөр аймгийн хэмжээнд мах махан
бүтээгдэхүүний 12, сүү боловсруулах 12, талх нарийн боовны 54, цэвэр ус, төрөл
бүрийн ундааны тав, хэрчсэн гурилын 11, йоджуулсан давсны нэг үйлдвэр
үйл ажиллагаа явуулж байна. Мөн ард иргэдийг сүү, цагаан идээгээр хангаж байгаа
хагас бэлчээрийн маллагаатай эрчимжсэн мал аж ахуйн 20 орчим ферм
байгаа. Цаашид иргэдийг баталгаат хүнс хэрэглэх нөхцөл бүрдүүлж, хүнсний бүтээгдэхүүний бэлтгэлт, боловсруулалт,
хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын тогтолцоо бий болгож, хүнсний аюулгүй
байдлыг сайжруулах эрхэм зорилгыг бизнес эрхлэгчидтэй хамтран хэрэгжүүлнэ" гэдгийг аймгийн Засаг даргын орлогч А.Камелият илтгэлдээ онцоллоо.
Түүнчлэн мэргэжлийн байгууллагуудын зүгээс хүнсний аюулгүй байдлын өнөөгийн
байдал, цаашид анхаарах асуудлууд, аюулгүй ухаалаг бараа, бүтээгдэхүүн,
хэрэглэгч ба төрийн бус байгууллагууд, дотоодын нөөц бололцоог ашиглан экспортын чиглэлийн бизнесийг дэмжих зэрэг
сэдвээр мэдээлэл өглөө.