Киргиз дахь ОХУ-ын цэргийн баазын тухай гэрээнд өөрчлөлт оруулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБИШКЕК. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков нар Бишкек хотод хэлэлцээ хийснийхээ дараа Киргизийн нутаг дэвсгэр дэх ОХУ-ын цэргийн нэгдсэн баазын тухай 2012 оны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай протоколд гарын үсэг зурах ёслолд оролцлоо.
ОХУ-ын талаас баримт бичигт тус улсын Батлан хамгаалахын дэд сайд Александр Фомин гарын үсэг зурсан байна.
Хууль, эрх зүйн мэдээллийн албан ёсны цахим хуудсанд нийтэлсэн протоколын төслөөс үзвэл, ОХУ цэргийн байгууламжуудынхаа түрээсийн талбайн хэмжээг 60 га орчмоор нэмэгдүүлэх бөгөөд үүнтэй холбоотойгоор баазын түрээсийн үнэ 291.5 мянган ам.доллароор нэмэгдэж, жилийн үнэ 4.8 сая ам.доллар болно. Гэрээнд “нисэгчгүй нисдэг аппарат” болон “нисэгчгүй агаарын систем”-ийн тухай зүйл заалт оруулснаас гадна хэд хэдэн нэмэлт өөрчлөлт оруулжээ.
Одоогийн байдлаар Киргиз улсад ОХУ-ын Цэргийн нэгдсэн бааз байрлаж байгаа юм. Тус баазын бүрэлдэхүүнд Чуй мужийн Кант хот дахь агаарын бааз зэрэг цэргийн хэд хэдэн объект ордог байна. Оросын цэргийн албан хаагчид Киргизид дипломат ажилтнуудтай адил халдашгүй дархан эрх эдэлдэг аж.