Шүүгчийн засаглалаар солигдсон шүүх засаглал

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2019-03-29 10:51:19

УИХ-ын ээлжит бус чуулган  өндөрлөлөө. Төлөвлөсөн ажлаас Улсын ерөнхий прокурорын орлогч, АТГ-ын дарга дэд даргын бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан чөлөөлөх ажлыг хийсэнгүй. Гэхдээ түүнтэй тэнцэх хэмжээний ажлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад өөрчлөлт оруулан хийж амжуулсан гэж хэлж болно. Улсын ерөнхий прокурор, түүний орлогч, Дээд шүүхийн дарга, АТГ-ын дарга, дэд дарга (6 жилээр томилогддог) болон аймаг, нийслэл сум дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч (3 жилээр томилогддог) нарыг хугацаанаас нь өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-ийн зөвлөмжийг үндэслэн чөлөөлөх хуулийг Ерөнхийлөгч өргөн барьж УИХ батлууллаа. Парламентын баталсан хууль 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн мөрдөгдөв. Бүр хэрэгжээд эхэллээ. Эрх зүйн шинэ орчин бий болсноор Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан, түүний орлогч Г. Эрдэнэбат нарыг огцруулах зарлиг Ерөнхийлөгч гаргалаа. Харин улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц. Зориг өөрийн хүсэлтээр халагдав.


Богино хугацаанд батлагдсан хууль тэр хугацаандаа нийгмийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарлаа. Ийм эсэргүүцэл УИХ-д ч байсан гэж хэлж болно. Хуулийн төслийг эсэргүүцэгчид Үндсэн хууль дахь шүүх засаглалын суурь зарчим хөндөгднө гэсэн санааг дэвшүүлж байсан. Батлагдсан хуулийн танилцуулгаас харвал шүүх засаглалын хүрээн дэх шүүгч, прокурор нэг бүрийг авч хэлэлцэх асуудлыг агуулаагүй. Харин хугацаатай, томилогдсон албан тушаалтныг авч үзсэн нь тодорхой байна.


Шүүх нь бие даасан засаглал мөн. Гэвч өнгөрсөн хугацаанд шүүх засаглал нь шүүгчийн засаглалаар солигдчихсон байжээ. Ийм учраас хоорондоо солигдсон шүүх засаглал, шүүгч хоёрыг байр байранд нь тавих гэж  Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд шүүгчийн гаргасан алдааг засах үүднээс ҮАБЗ-ийн зөвлөмжийг үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийн бүрэн эрхийг түтгэлзүүлэх өөрчлөлт орлоо. Шүүгчийн бүрэн эрхийг түтгэлзүүлэх хуулийн заалт батлагдахад С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг ажлын хэсэг шалгахдаа сэжигтнүүдийг эрүүдэн шүүсэн байх магадлалтай баримт гарч ирсэн нь их түлхээс болсон гэж хэлж болно.


Ял эдэлж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг сэжиглэн шалгах явцдаа хорих ангийн камерт дарамталсан, бусдаар дарамтлуулсан 660 хоногийн бичлэгээс эхний өдрүүдийнхийг нь ТЕГ түүвэрлэн авч УИХ-ын гишүүдэд хуулийн төслийг хэлэлцэх явцад хуралдааныг завсарлуулан тусгай бэлтгэсэн танхимд үзүүлэв. Энэ бол баримтыг улс төрчид үзэж байгаа болохоос мэргэжлийн байгууллага шинжээчийн хийсэн үнэлэлт дүгнэлт биш гэдгийг хэлэх хэрэгтэй. Сэжигтнийг эрүүдэн шүүсэн  дээрх үйлдэлд нийслэлийн прокурор эрүүгийн хэрэг үүсгээд АТГ шалгаж байгаа юм билээ. Түүнийг шалгаж үнэн мөнийг тогтооход хургацаа орно. Бас дээр нь улс төр нэмэгдэх биз. Аль болох улс төрөөс ангид эрүүгийн хэргийг шалгах хэрэгтэй гэж хууль сахиулагчид ярьдаг. Гэвч улс төрчийг 1998 онд егүүтэгсэн энэ хэрэг улс төрөөс ангид шалгагдах боломж бараг байхгүй болов бололтой. Гэвч шалгаж үнэн зөвийг нь тогтоох эрэлт, хэрэгцээ шаардлага нийгэмд байна.


Шүүх, шүүгч хоёр бол нэг мөнгө (метал)- ний хоёр тал  гэж ойлгож болно. Гэхдээ өнгө төрх, үүрэг хариуцлага хоёр өөр юм. Энэ нь мөнгөний төрийн сүлдтэй тал нь  дандаа дээшээ харж байх ёстой. Энэ бол шүүх засаглал. Харин тоон тал шүүгч. Энэ бол  ил байх албагүй, сүүдэрт байх учиртай. Гэтэл өнгөрсөн хугацаанд мөнгөний төрийн сүлдтэй тал буюу шүүх засаглалын өнгө бүдгэрчээ. Тэр хооронд тоотой тал буюу шүүгч нар өнгө орон гялалзаж байр суурь нь солигдсон байх жишээтэй.  Түүний золиос болсон хэдэн хүн байгааг хэлэх боломжгүй. Шүүхийн шийдвэр шүүгчийн гарын үсэгтэй мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн талд гараад байсан нь нууц биш. Одоо ч ийм байгаа гэж хэлж болно. Даварсан шүүгч нарын гараар орж, хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах хэрэгтэй болов уу. Түүнийг олж харсан Ерөнхийлөгчийн институц  дээрх хуулийн төслийг өргөн барьж парламентаар батлууллаа. Нэг үгээр хэлбэл, шүүгчийн засаглалаар солигдсон шүүх засаглалыг голдиролд нь оруулах  анхны алхам энэ болов бололтой.


Магадгүй Үндсэн хууль (1992 он)-д шүүх засаглалыг бие даалган бэхжүүлэхдээ шүүгчийн байр суурийг байх түвшнээс нь хэт өндөрт тусгасан байж болно. Түүнийг нь анзаарсан сэргэлэн шүүгч нар шүүх засаглалаар халхавч хийж, амьдрал ахуйгаа дээш нь татах хэрэгсэл болгон хувиргасан  байх магадлалтай. Шүүх засаглалыг жинхэнэ утга, агуулга хэлбэрээр нь бий болгох хэрэгцээ гарч ирж байгаа нь  Үндсэн хуулийг зайлшгүй шинэчлэх, хэлэлцэх цаг болсныг бидэнд анхааруулж байгаа юм биш үү. Үндсэн хуульд шүүх засаглалыг илүү тодорхой бэхжүүлэх шаардлага амьдралаас урган гарч ирэв үү дээ.

Холбоотой мэдээ