ОУИМ Д.Эрдэнэбилэг анхны 1000 оноот даамчин болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-03-28 21:37:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй Дээд лигийн чансааны оноо олгох цуврал тэмцээний түүхэнд анхны 1000 оноот тамирчнаар Олон улсын их мастер Дөлийн Эрдэнэбилэг тодорлоо.


Монголын даамын холбоо, "Алтан хүү" клубтэй хамтран 2016 оноос эхлэн энэхүү тэмцээнийг зохион байгуулж байгаа юм. Ази тивийн 5, Монгол Улсын 13 удаагийн аварга, "Шинэ Монгол" сургуулийн тамирчин ОУИМ Д.Эрдэнэбилэг ийнхүү 1032 оноо цуглуулж, нэгэн өвөрмөц амжилтын эзэн боллоо.


Тэрбээр энэ 4 жилд нийт 28 тэмцээнд оролцохдоо 11 тэмцээнд түрүүлж, 3 удаа хоёрдугаар байр, 4 удаа гуравдугаар байр, 2 удаа дөрөвдүгээр байр, 4 удаа тавдугаар байр, 1 удаа зургадугаар байр, 2 удаа наймдугаар байр, 1 удаа есдүгээр байр эзэлжээ.


Түүний араас ОУИМ Г.Ганжаргал 966, Р.Манлай 765, ДДХМ Ц.Хашчулуун 759, Ц.Сүхбат 687, С.Даваадорж 641 оноотой тус тус шалгарсан байна. Бүх насны тамирчид өрсөлддөг Дээд лигийн цуврал тэмцээнд тамирчдын үзүүлсэн амжилтад нь харгалзах чансааны оноо олгодог.


Улмаар тухайн жилийн төгсгөлд хамгийн өндөр оноо цуглуулсан шилдэг 10 тоглогчийн дунд "Оны шилдэг даамчин"-г тодруулах өндөр шагналын сан бүхий тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай. Оноо олгох журмыг тодруулбал блиц, рапид тэмцээнд эхний 10 байр эзэлсэн тамирчдад 30, 26, 24, 22, 20, 18, 16, 14, 12, 10 оноо, оролцсон тамирчдад 5 оноо өгдөг.


Харин стандарт цагаар зохион явуулсан тэмцээнд уг оноог хоёр дахин үржүүлж оноо олгох юм. Мөн эрэгтэй, эмэгтэй тамирчид тусдаа тоглосон тохиолдолд эмэгтэйчүүдийн оноог 70 хувиар тооцож олгодог байна.

Холбоотой мэдээ