Хуулийн байгууллагын удирдлагуудыг томилуулах саналаа эгүүлэн татлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Прокурорын тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ баталсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарим байгууллагын удирдлагад зөвшилцөх болон томилуулах саналаа өнөөдөр эгүүлэн татлаа.
Тухайлбал: Авлигатай тэмцэх газрын даргаар Даваанямын Даваа-Очирыг, дэд даргаар Жанжаагийн Батсайханыг тус тус томилуулах саналаа эгүүлэн татаж, Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хуралд дахин санал оруулах шийдвэр гаргаснаа өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичгээр мэдэгдэв.
Мөн Александрын Цэрэнсодномыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхөөр Улсын Их Хуралд хүргүүлсэн саналаа эгүүлэн татаж, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 17, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасны дагуу зөвшилцөх асуудлаар Улсын Их Хуралд дахин хандах шийдвэр гаргаснаа УИХ-ын дарга Г.Занданшатарт уламжиллаа.