Нийтийн тээврийн үйлчилгээг санхүүжүүлэх журам батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-03-28 19:30:16
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн ИТХ-ын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Нийтийн тээврийн үйлчилгээний салбарын санхүүжилтийн журам, зардлын тарифыг шинэчлэн батлав.


Журмыг баталснаар, нийтийн тээврийн үйлчилгээний хөлс төлж буй байдлыг хянах чиг үүрэг бүхий байгууллагыг холбогдох хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулна. Ингэснээр үйлчилгээний орлого төвлөрөхөд тавих хяналт сайжирна. Мөн нийтийн тээврээр үйлчлүүлж буй иргэн бүрийг цахим картаар зорчих боломжоор хангаж, цахим төлбөрийн нэг удаагийн карт, явуулын карт цэнэглэх, борлуулах цэг ажиллуулах юм байна. Түүнчлэн карт цэнэглэх цахим төлбөрийн үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх юм. Нийтийн тээврийн автобусны өнөөгийн нөхцөлд хяналтын камер, цахим төлбөрийн системийн тоног төхөөрөмж нь дутагдалтай, эвдрэл гэмтэл ихтэй байгаа. Батлагдсан журмын хүрээнд уг асуудлыг энэ онд багтаан бүрэн шийдвэрлэхээр боллоо.


Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн ажлын явцын талаар танилцуулга мэдээллийг сонслоо.

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хот эрчимтэй тэлж байгаатай уялдан иргэд оршин суугчдын эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах боломж нөхцөл хомстож тулгамдсан олон асуудалтай болж буй. Иймд агаар, орчны бохирдлыг бууруулах агуулгатай 62 дугаар тогтоолыг Монгол Улсын Засгийн газраас баталсан байдаг.

Тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд тодорхой ажил хийж байна. Тухайлбал, нийт долоон шалган нэвтрүүлэх постод улсын 24 байцаагч ажиллуулахаар төлөвлөсөн. Мөн аж ахуйн нэгжүүдэд нүүрс татах хуваарь гарган ажиллах болно гэдгийг холбогдох албанаас мэдээллээ. Түүхий нүүрсний хэрэглээг хориглосонтой холбогдуулан тогтоолд тусгасан хугацаанаас эхлэн хяналт шалгалтыг хийхээр төлөвлөжээ.

Холбоотой мэдээ