“Сүүний 16”-р байрныхан шинэ сууцанд оров

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-03-28 14:17:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16-р хорооны “Сүүний 16” гэгддэг байрны буурин дээр “Шинэ төсөл хотхон” сүндэрлэж, оршин суугчид өчигдөр түлхүүрээ гардан авч, шинэ сууцандаа орлоо. 

Хуучин 16-р байр нь мэргэжлийн хяналтын дүгнэлтээр ашиглаж болохгүй, иргэдийн эрүүл мэндэд эрсдэл учруулахаар байсан юм. Ийм нийтийн зориулалтын 5, 16, 24-р барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчээр “Металл энд вүүд” ХХК шалгарч “Сүүний 16”-р байрны барилгыг бүрэн чөлөөлж “Шинэ төсөл хотхон”-ны барилга угсралтын ажлыг эхлүүлэн эхний ээлжинд, нэгдүгээр давхартаа үйлчилгээний төв бүхий, 12 давхар 77 айлын орон сууцыг барьж бүрэн дуусган хүлээлгэн өглөө.




Оршин суугчдад түлхүүр гардуулах ёслолд оролцсон “Нийслэлийн Орон сууцны корпораци”-ийн захирал Б.Сүхбаатар, "Мэргэжлийн хяналтын байгууллагаас нийслэл хотын орон сууцнуудад үзлэг, шалгалт хийж буй"-г мэдэгдээд, "Шалгалтаар хотод 234 байр хүн оршин суух боломжгүй, шаардлага хангахгүй эрсдэлтэй байр гэдгээр буулгах дүгнэлт гарсан. Үүний 45 байр нь Баянзүрх дүүрэгт байна. Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин төлөвлөж барилгажуулах ажилд иргэдийн оролцоо их чухал юм.

Иргэд, оршин суугчид нэгдмэл нэг санаа, бодолтой байж, хуучин байрыг шинээр барих компанитайгаа хамтран ажилласнаар цаг хугацаа хэмнэж, байрандаа ороход амар болж байна. Нийслэлийн зүгээс Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран “Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулган шинээр барих төсөл”-ийг цаашид үргэлжлүүлнэ. Иргэдтэйгээ сайн ойлголцож, нэгэн хүслийн төлөө хамт зүтгэсэн Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар болон барилгын гүйцэтгэгч “Металл энд вүүд” ХХК-ийн хамт олонд талархаж байна” гэв.



Шинээр барьсан орон сууцны түлхүүрийг Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, “Нийслэлийн Орон сууцны корпораци”-ийн захирал Б.Сүхбаатар, Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгч П.Төмөрхуяг нар оршин суугчдад гардуулав.

Холбоотой мэдээ