Украины сонгууль: 5 гол өрсөлдөгчийн тухай товч мэдээлэл

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2019-03-28 12:08:56

Ирэх ням гарагт болох Украины Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчдийн жагсаалтад 39 хүн байна. Харин олон нийтийн санал асуулгаар 5 нэр дэвшигчийн чансаа бусдынхаасаа илт давуу байгааг тодорхойлжээ. Би-Би-Си агентлаг эдгээр таван хүний мөрийн хөтөлбөр, тэдний давуу хийгээд сул талууд, Орост хандах хандлагад дүн шинжилгээ хийснийг орчуулан хүргэе.    


Владимир Зеленский, 41 настай, элэглэгч жүжигчин


Инээдмийн кинонуудад Наполеон болон Украины ерөнхийлөгчийн дүрийг бүтээж байсан энэ жүжигчин залуу Украины Ерөнхийлөгчөөр сонгогдож тун магадгүй байна. Энэ бол тоглоом наргиа огт биш шүү.


50 ҮГЭНД БАГТАХ ТОВЧ НАМТАР


Кривой Рог хотод төрсөн тэрбээр хуульчийн мэргэжил эзэмшсэн боловч мэргэжлээрээ ганц ч өдөр ажиллаагүй гэнэ. Авхаалжтай сэргэлэнчүүдийн тэмцээнд /КВН/ оролцож байсан боловч А.Масляковтай муудалцсанаар “95 дугаар хороолол” гэдэг багаа студи болгон өөрчлөн байгуулжээ. Тус студи инээдмийн шоу зохион байгуулж, инээдмийн цуврал кино хийдэг аж. “Ард түмний зарц” гэдэг кинонд Зеленский багшаар ажиллаж байгаад хожим нь Украины Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүний дүрд тоглосон байна. 


50 ҮГЭНД БАГТАХ МӨРИЙН ХӨТӨЛБӨР


Зөвхөн нэг удаа л сонгогдон ажиллахын тулд миний бие Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож байна. Би хамгийн түрүүнд “Ард түмний засаглал”-ын тухай хуулийн төслийг өргөн барина. Энэ нь засаг төрийн өмнөө тавих зорилтыг бүх нийтийн санал асуулгаар ард түмэн тодорхойлно гэсэн үг. Байгалийн баялгийг борлуулсан орлогоос хүүхэд бүр хувь хүртэж, дансандаа хуримтлуулна. Украин улс дэлхийн экологийн хүнсний супермаркет болох ёстой.   


Оросын талаар хэлсэн үг


“Надад тэнд очиж үг хэлэх боломж алга, надад үнэндээ эвгүй

 байна”

 

Давуу талууд

  • Украины улс төрд “нэр төрдөө сэв суулгаагүй шинэ хүн” гэсэн имижтэй 

  • “Ард түмний зарц” цуврал кинонд гардаг шударга бөгөөд гуйвшгүй тууштай баатрын дүрээр сонгогчид түүнийг төсөөлдөг. 
  • Концерт зохион байгуулж, Украин даяар өөрийгөө сурталчлах боломжтой.

Сул талууд

  • Улс төр, олон нийтийн ажлын туршлага байхгүй

  • Игорь Коломойский гэдэг олигархтай холбоотой гэж түүнийг харддаг
  • Орост бизнес хийдэг тухай мэдээлэл

Сонгуулийн уриа: - “Үүнийг хамтдаа хийцгээе!"

Оролцооны хэлбэр: - “Ард түмний зарц” намаас нэрээ дэвшүүлсэн

Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож байсан туршлага- Байхгүй


Петр Порошенко, 53 настай, Украин улсын Ерөнхийлөгч

Би бол Путиний хувьд хамгийн таагүй нэр дэвшигч гэж ярьдаг. Нэр хүндийн чансаа нь төдийлөн сайн биш байгаа боловч тэрбээр хэзээ ч сонгуульд ялагдаж үзээгүй.


50 ҮГЭНД БАГТАХ НАМТАР


Украины хамгийн баян хүмүүсийн нэг болох тэрбээр Ерөнхийлөгч Ющенкогийн үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Гадаад харилцааны сайдаар, Януковичийн үед Эдийн засгийн сайдаар тус тус ажиллаж байжээ. Евромайданы бослогын дараа түүнийг Киев хотын даргаар сонгосон ба гэнэт санамсаргүйгээр Ерөнхийлөгч болсон. Бизнесээ бусдад худалдаж, терроризмын эсрэг ажиллагааг хэдхэн цагийн дотор дуусгана гэж амлаж байсан боловч аль алиныг нь биелүүлээгүй. Сүүлчийн амлалтынхаа төлөө уучлал гуйж байсан.


50 ҮГЭНД БАГТАХ МӨРИЙН ХӨТӨЛБӨР  


Бидний зорилт бол Европын Холбоо ба НАТО-д гишүүнээр элсэх явдал. Элсэх өргөдлөө 2023 онд өгнө, тэгээд бүс нутгийн манлайлагч болно. Нэгэнт эхлүүлсэн шинэчлэлээ дуусгана. Түрэмгийлэгч улс учруулсан хохирлоо нөхөн төлөх болно. Бид Оросын түрэмгийллээс зөвхөн өөрсдийгөө төдийгүй Европын соёл иргэншлийг бүхэлд нь хамгаалж чадсан. Стратегийн хувьд чухал эдийн засгийн салбарууд бол хөдөө аж ахуй, мэдээллийн технологи, аж үйлдвэр, тээвэр ба аялал жуулчлал юм. Украин бол Европ мөн.


Оросын тухайд хэлсэн үг


“Украиныг алдах нь Оросын эзэнт гүрнийг сэргээж, түүнийг хэт их гүрэн болгох гэсэн төлөвлөгөөг нь нураана гэдгийг Путин маш сайн мэдэж байгаа”  


Давуу талууд

  • Томоохон хотуудын дарга нар болон мужуудын захирагчид түүнийг дэмждэг

  • Эх оронч төрийн зүтгэлтэн, Путиний дайсан гэсэн имижтэй
  • Европын Холбоонд визгүй зорчих эрхийг иргэдэд олгосон, мөн Украины Үнэн алдартны сүмд бие даах эрх олгосон

Сул талууд

  • Одоогийн засаг төрд итгэх итгэл украинчуудын хувьд маш ихээр алдагдсан 
  • Авлигатай тууштай тэмцэж чадаагүй, ялангуяа ерөнхийлөгчийн ойрын хүрээнийхний дотор газар авсан авлигатай тэмцээгүй гэж буруутгадаг
  • Украины зүүн нутагт дайныг дуусгаж чадаагүй гэж түүнийг буруутгаж байгаа


Сонгуулийн уриа: - “Бид өөрсдийн замаар явцгаана!”

Оролцооны хэлбэр: - бие даан нэр дэвшсэн

Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож байсан туршлага: - 2014 онд сонгогчдын 54,7 хувийн саналыг авснаар ялалт байгуулж байсан


Юлия Тимошенко, 58 настай, Дээд Радын депутат


Энэ эмэгтэйг Украины түүхэн дэх сөрөг хүчний хамгийн хүчтэй төлөөлөгч гэж үздэг. Ерөнхийлөгчийн сонгуульд 2 удаа оролцохдоо хоёуланд нь 2 дугаарт орж байсан. Энэ удаагийн сонгуульд оролцохдоо үсээ тайрчээ. 


50 ҮГЭНД БАГТАХ ТОВЧ НАМТАР


Хийн салбарт бизнес хийж байгаад 1997 онд улс төрд орж ирсэн  түүнийг одоо хүртэл “хийн гүнж” гэж нэрлэдэг ажээ. Хоёр удаа ерөнхий сайдаар ажиллаж, хоёр удаа эдийн засгийн гэмт хэргээр шоронд сууж байсан хүн юм. Өөрт нь оноосон ялыг улс төрийн сэдэлтэй гэж үздэг. Украины ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Кучма, Ющенко, Янукович нартай дайсагналцаж, тэдний импичментийн асуудлыг хөндөн тавьж байсан хүн. Энэ удаагийн сонгуулиас нэг сарын өмнө Порошенкогийн импичментийн асуудлыг сөхөн тавьсан байна.


50 ҮГЭНД БАГТАХ МӨРИЙН ХӨТӨЛБӨР


“Украины шинэ чиг бодлого” гэдэг мөрийн хөтөлбөрийг нь боловсруулахын тулд хэдэн зуун шинжээчид 4 жилийн турш ажиллажээ. Орос улс Украинд учруулсан хохирлоо нөхөн төлөх ёстой. Хувьсгал хийх замаар бус харин бүх нийтийн санал асуулгаар иргэд засаг төрийг дуртай үедээ сольж өөрчилж болно. Хэрвээ би ерөнхийлөгчөөр сонгогдвол, тангараг өргөснөөс хойш нэг сарын дараа хийн үнэ 2 дахин хямдарна. Орон сууцны ипотекийн зээлийн хүү жилд 3 хувиас ихгүй байх болно.


Оросын талаар хэлсэн үг


“Украинд эвдрэл сүйрэл, эмх замбараагүй байдал, авлига, ядуурал газар аваасай гэж Кремль хүсч байгаа. Одоогийн төр засаг энэ хүслийг нь гүйцэлдүүлэхийн тулд бүхнийг хийж байна. Одоогийн засаг төр бол Кремлийн гар хөл бологсод, Москвагийн зарц нар юм”


Давуу талууд

  • 10-аас дээш жилийн хугацаанд “манай Юля”-гийн төлөө саналаа өгч буй “үнэнч сонгогчид” бий.
  • Улс төрд олон жилийн туршлага хуримтлуулсан
  • "Батькивщина" намын салбар хороод орон даяар өргөн сүлжээтэй 

Сул талууд

  • “Хуучин үеийн улстөрчид”-тэй ойр дотно байдаг
  • 2009 онд В.Путинтэй байгуулсан “хийн гэрээ”-г нь олон нийт шүүмжилдэг
  • Татварыг эрс бууруулна, хуучин ЗХУ-ын Хадгаламжийн банкинд байсан украинчуудын мөнгийг буцаан олгоно гэх мэт популист амлалтууд өгдөг хэмээн Тимошенког шүүмжилдэг


Сонгуулийн уриа: - “Украины ирээдүйд итгэж байна!"

Оролцооны хэлбэр: - "Батькивщина" намаас нэр дэвшсэн

Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож байсан туршлага:-2010 оны сонгуулийн эхний шатанд 25 хувийн санал авсан, 2 дугаар шатанд 45,5 хувийн санал авч байсан. 2014 оны сонгуульд 12,8 хувийн санал авч байжээ.


Юрий Бойко, 60 настай, Дээд Радын депутат


Бүс нутгийн намын томоохон фракцаас нэр дэвшсэн. “Том” нэр дэвшигчид түүнийг 2 дугаар шатны санал хураалтад шалгараасай гэж хүсдэг. Гэхдээ тэрбээр дараагийн шатанд гарах нь юу л бол.


50 ҮГЭНД БАГТАХ ТОВЧ НАМТАР


Одоогоор Донецкийн БНУ-ын хяналтанд байгаа Горловка хотод төрсөн. Москвагийн Хими-технологийн дээд сургууль төгссөнийхөө дараа үйлдвэрлэл дээр гарч ажиллажээ. В.Янукович, Н.Азаров нарын засгийн газарт Эрчим хүчний сайд, шадар сайдаар ажиллаж байсан. Бүс нутгийн намын удирдлагад орж байсан ба уг намын суурин дээр хожим нь байгуулагдсан “Сөрөг хүчний эвсэл” дэх нөлөө бүхий удирдагч байсан.


50 ҮГЭНД БАГТАХ МӨРИЙН ХӨТӨЛБӨР

Донбассын сөргөлдөөнд татагдан орсон бүх талуудтай хэлэлцээ хийснээр уг хямралыг энхийн замаар шийдвэрлэх боломжтой. Одоогоор хаагдаад буй Оросын нийгмийн сүлжээнүүдэд хандах боломжийг иргэдэд олгоно. Украины бүс нутаг, мужуудын эдийн засгийн бие даасан байдлыг хангана. Тэтгэврийн болон эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг зогсооно. Дунд сургуульд 10 жил сургах тогтолцоо ба иргэд төрөлх хэл дээрээ боловсрол эзэмших эрхийг сэргээнэ. Украин улс төвийг сахисан, эвсэлд үл нэгдэгч орон болно.   


Оросын тухайд хэлсэн үг


“Оросын ул мөр хаа сайгүй байгаа гэцгээдэг. Николаевск эсвэл Херсон мужид төрж буй тугалын тоо цөөрснийг тун удахгүй Оростой холбон тайлбарлаж магадгүй шүү”


Давуу талууд

  • Одоогийн төр засгийн явуулж буй дотоод бодлогод сэтгэл дундуур байгаа сонгогчдыг өөртөө татах боломж
  • Оростой тогтоосон харилцааг сэргээнэ гэж амладаг ба удахгүй болох сонгуулиас 10 хоногийн өмнө Москвад очиж, Дмитрий Медведевтэй уулзсан
  •  “Маш сайн бизнес эрхлэгч” гэсэн имижтэй 

Сул талууд

  • Ринат Ахметов гэгч олигархаар дэмжүүлсэн Александр Вилкул түүнтэй өрсөлдөж байгаа.
  • Авлигын дуулианд нэр холбогдож байсан
  • Түүнийг “хуучин засгийнхан”-тай холбоотой гэх яриа тархжээ  


Сонгуулийн уриа– “Нэр төртэй амьдрах боломжийг украинчуудад эргүүлэн олгоё!"

Оролцооны хэлбэр: - бие даан нэр дэвшсэн

Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож байсан туршлага:-2014 оны сонгуульд 0,2 хувийн санал авч, 14 дүгээрт бичигдэж байсан.


Анатолий Гриценко, 61 настай, “Иргэний байр суурь” намын дарга


Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан энэ хүн Тимошенко, Порошенко нарыг дэмжихгүй байгаа барууны талыг баримтлагч сонгогчдыг өөртөө татахыг оролдож байна. 


50 ҮГЭНД БАГТАХ ТОВЧ НАМТАР


Цэргийн мэргэжил эзэмшээд зэвсэгт хүчинд алба хааж байсан А.Гриценко Украины томоохон дүн шинжилгээ, судалгааны төвийг удирдаж байжээ. Ерөнхийлөгч Ющенкогийн үед Батлан хамгаалахын сайдаар 2 жил ажиллахдаа НАТО-той идэвхтэй хамтран ажиллаж байсан. Хожим нь нам байгуулжээ. 2014 оны парламентын сонгуульд санамсаргүй байдлаар ялагдсан тэрбээр Украины үндэсний аюулгүй байдлын сэдвээр их сургуульд хичээл зааж байна.  


50 ҮГЭНД БАГТАХ МӨРИЙН ХӨТӨЛБӨР


Шударга ерөнхийлөгч шударга жишгийг бий болгодог: намайг дууриагаад хийцгээ. Донбассыг ямар ч “онцгой статус”-гүйгээр эргүүлэн авах болно. Албан хаагчид, түшмэдийн тоог цөөлнө, гэхдээ тэдний цалинг нэмэгдүүлнэ. Хахууль өгөх байдлаар тэднийг сорьж шалгана. Эмийн үнийг 2 дахин хямдруулна. Төрөөс залуучуудад хамгийн түрүүнд ажлын байрыг баталгаатай олгоно. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд 5 жил хангалттай.


Оросын талаар хэлсэн үг

“Манай гарагийн энх тайван байдалд заналхийлж буй хамгийн том аюул, дэлхий дахинд тогтворгүй байдлыг бий болгож буй хамгийн том хүчин зүйл бол ОХУ юм”


Давуу талууд

  • Сүүлийн хэдэн жилийн хугацаанд төр засагт алба хашаагүй
  • Андрей Садовой, Дмитрий Гнап нарын зэрэг “сөрөг хүчний ардчилсан нэр дэвшигчид” А.Гриценког дэмжиж нэрээ татсан
  • Жинхэнэ хурандаа хүний дүр төрхтэй

Сул талууд

  • Батлан хамгаалахын сайд байхдаа армийн хөрөнгө эд хогшлыг зарж борлуулсан гэж түүнийг буруутгадаг
  • Донбасст болсон байлдааны ажиллагаанд оролцоогүй гэж түүнийг шүүмжилдэг
  • Гриценкогийн дэмжигчдийг өөртөө татах гэсэн олон нэр дэвшигч бий


Сонгуулийн уриа: -“Шударга хүмүүс олон байх болтугай!"

Оролцооны хэлбэр: - “Иргэний байр суурь” намаас нэр дэвшсэн 

Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож байсан туршлага:- 2010 оны сонгуульд 1,2 хувийн санал авч 9 дүгээрт бичигдэж байсан бол 2014 оны сонгуульд 5,5 хувийн санал авснаар 4 дүгээрт жагсч байжээ.


Тайлбар: 5 нэр дэвшигч бүрийн гэрэл зургийн баруун гар талд Киевийн Олон улсын социологийн хүрээлэн /КМИС/ ба “Нийгмийн мониторинг” төвөөс зохион байгуулсан санал асуулгын дүнг нийтэлжээ.


Орчуулсан Б.Адъяахүү

Эх сурвалж: https://www.bbc.com/russian/features-47671786

Холбоотой мэдээ