Баян-Өлгийн иргэний хэргийн анхан шатны шүүх эхний улиралд 190 хэрэг хянан шийдвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-03-30 17:56:08

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх энэ оны эхний улиралд  242 нэхэмжлэл хүлээн авчээ. Өмнөх оны үлдэгдэл 77 иргэний хэрэг, нийтдээ 319 иргэний хэргээс 190-ийг нь хянан шийдвэрлэсэн байна.  Үүнийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 11 хэрэг буюу 3,4 хувиар буурсан аж.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад таван нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авчээ.

Нийт шийдвэрлэсэн хэргийг маргааны төрлөөр нь авч үзэхэд 72 хэргийг Иргэний хуулиар шийдвэрлэжээ. Үүнээс худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой 28, зээлийн гэрээтэй холбоотой тав, түрээсийн гэрээтэй холбоотой гурав, ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой гурав, банкнаас олгосон зээлтэй холбоотой 10, бусад иргэний эрх зүйн маргаантай холбоотой 10 хэрэг байна.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 67 хэрэг шийдвэрлэсний гурав нь нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, 47 нь ажиллаж байсан байдлыг тогтоосон, 17 нь бусад төрлийн хэрэг байжээ. Гэр бүлийн тухай хуулиар гэрлэлт цуцлуулах тухай 16, эцэг тогтоолгох тухай гурав, нийтдээ 19 иргэний хэрэг шийдвэрлэжээ. Мөн 13 хүүхдийн асран хамгаалалт, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох маргааныг шүүн тасалсан байна.

Харин Хөдөлмөрийн тухай хуулиар 21 хэрэг шийдвэрлэснээс ажлаас үндэслэлгүй халагдсан ес, цалин хөлс, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрын тухай маргаан 12 хэргийг, газрын тухай хуулиар гурав, бусад хуулиар долоон хэргийг тус тус хянан шийдвэрлэжээ.

Эхний улиралд шийдвэрлэсэн 190 иргэний хэргээс 72 хэргийг хялбаршуулсан журмаар, 117 хэргийг шүүх хуралдаанаар, нэг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд үлдэгдэл 97 хэрэг байна. Мөн хэргийн оролцогчоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12.4 сая төгрөгийг улсын орлого болгосон ажээ. 

Холбоотой мэдээ