Ө.Энхтүвшин: Үгээр хэлэх аргагүй дүрс бичлэг үзлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-03-27 20:29:10
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт ял эдэлж буй яллагдагч нарыг эрүүдэн шүүсэн гэх дүрс бичлэгийг хаалттай горимоор УИХ-ын гишүүдэд өчигдөр үзүүлсэн юм. Энэ талаар гишүүдийн байр суурийг сонслоо.


УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Үгээр хэлэх аргагүй дүрс бичлэг үзлээ. Одоо ил болгосон юм чинь олон нийтэд ч үзүүлэх хэрэгтэй. Гэхдээ даралт ихтэй хүн үзээд хэрэггүй л юм билээ. 


УИХ-ын гишүүн М. Оюунчимэг: Монгол Улс “Эрүүдэн шүүх, бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцахын эсрэг конвенц”-д нэгдсэн. Хууль, шүүхийн байгууллагаар хэргийг нь тогтоогоогүй байхад  эрүүдэн шүүх нь хууль бус. Удахгүй дүрс бичлэгийг олон нийтэд үзүүлэх байх. Гэхдээ Монгол Улсыг гадаадын улс орнууд юу гэж харах вэ гэдгийг бодолцох хэрэгтэй.


УИХ-ын гишүүн С.Чинзориг: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Тиймээс ТЕГ-ынхан мөрдөн шалгах ажиллагаанд саад болохгүй, эхний зургаан өдрийн бичлэгийн 26 минутын хэсгийг харуулсан. Үүнийг үзэхэд, Монголд ийм нөхцөл байдал байгаад гайхаж, сэтгэл шимширч байна. Үнэхээр нүд халтирам бичлэг байна билээ. Хамгийн наад захын зүйл ярихад л, стандарт хангаагүй, ариун цэврийн өрөөгүй, усгүй орчинд маш хүнд байдалтай байсан. Тагнуулынхан  энэ дүрс бичлэгийн талаар хамаагүй ярьж болохгүй гэж зааварчилгаа өгсөн. Б.Содномдаржаагийн өрөөнд л гэхэд, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж байсан Ц.Амгаланбаатарыг, онц хүнд гэмт хэрэгтний хамтаар оруулж, шөнөжин дэглэж хонож байгаа, хэргээ хүлээхийг  шахаж, шаардаж байгаа зүйл гарч байна билээ.


УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Нэлээд аймшигтай зүйл үзлээ. Бид ардчилсан нийгэм байгуулсан. Хүний эрх, эрх чөлөөг дээдлэх ёстой. Гэтэл хууль биелүүлэх байгууллага нь ийм асуудалд орооцолдсон нь үнэхээр санаа зовоож байна. Хууль хяналтын байгууллагын түүхэнд хар толбо үлдээх зүйл болжээ. 

Холбоотой мэдээ