БНХАУ-Италийн харилцааг гүнзгийрүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-26 17:04:23

РОМ. /Xinhua/. БНХАУ-ын дарга Си Жиньпин, Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте нар хоёр улсын харилцааны шинэ эрин үеийг бий болгох талаар яриа хэлэлцээ хийж, “Бүс ба зам” санаачилгын хэрэгжилтийг дэмжих харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ.


“Сүүлийн жилүүдэд хоёр улс олон салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа тасралтгүй гүнзгийрүүлж байгаа нь талуудын нийгэм, эдийн засгийн хөгжилд тус нэмэр болж байгаа юм. Хоёр улс стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаатай болсны 15 жилийн ой энэ жил, харин дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой ирэх жил тохионо. Эдгээр давхар үйл явдлыг тохиолдуулан бид хоёр улсын харилцааны шинэ эрин үеийг бий болгох хэрэгтэй” хэмээн Си Жиньпин хэлжээ


"БНХАУ болон Итали улс нь эртний Торгоны замын хоёр үзүүрт байсан учир “Бүс ба зам” санаачилгад хамтран ажиллах үндэслэл бий. Бид өргөтгөсөн зөвлөгөөн, хамтран хувь нэмрээ оруулах, нийтлэг ашиг сонирхолын зарчмыг баримталж, ил тод, нээлттэй, харилцан ашигтай хамтран ажиллахыг эрмэлзэх болно" гэж тэрбээр мэдэгдсэн байна. 


Харин Ж.Конте, "Си Жиньпины Италид хийж буй айлчлал нь түүхэн ач холбогдолтой бөгөөд хоёр улсын харилцааг илүү өндөр түвшинд хүргэнэ" гэж мэдэгдсэн байна.


“Манай улс БНХАУ-тай явуулж буй харилцаандаа ихээхэн ач холбогдол өгдөг бөгөөд хоёр улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн тохиох гэж буйг тохиолдуулан Итали болон Хятадын стратегийн иж бүрэн түншлэлийг гүнзгийрүүлж, эдийн засаг, худалдаа, эрчим хүч, хөдөө аж ахуй, соёл, урлаг, нисэх хүчин зэрэг салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд бэлэн байна. Бид “Бүс ба Зам”-д нэгдэх түүхэн боломжийг ашиглахдаа таатай байх болно. Энэ нь Итали-БНХАУ-ын хамтын ажиллагааны нөөц бололцоог бүрэн илрүүлэхэд тус болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн тэрбээр хэлжээ.


Түүнчлэн Ж.Конте “Бүс ба зам” санаачилгын хүрээнд зохион байгуулагдах олон улсын хамтын ажиллагааны хоёрдугаар чуулга уулзалтад оролцохыг тэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийлээд, Италид хөрөнгө оруулах, харилцан ашигтай ажиллахыг дэмжсэн Хятадын бизнес эрхлэгчдийг магтан сайшаажээ.



Холбоотой мэдээ