Хилийн цэсийн маргааныг цэгцлэх үүднээс мэргэжлийн комисс байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-03-26 14:53:45

Дорноговь/МОНЦАМЭ/. Энэ сарын 21-нд хуралдсан Дорноговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар зарим сумын хилийн цэсийн маргааныг цэгцлэх зорилго бүхий Мэргэжлийн комисс байгуулах шийдвэр гаргалаа.

Өмнөх нийгмийн үе буюу 1959 онд Хөвсгөл,Улаанбадрах сумын хилийн цэсийг тодотгож шинэчлэн зохион байгуулахдаа талууд харилцан тохиролцож протокол үйлдэн баталгаажуулсан ч хилийн цэсийг газрын зураг дээр зөрүүтэй тэмдэглэснээс үүдэж хоёр сумын иргэдийн дунд маргаан гарах болсон байна.

Говийн тавдугаар Ноён хутагт Лувсанданзанравжаа 1803 онд одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг Шувуун шанд хэмээх газар мэндэлсэн гэж түүхэнд бичигддэг боловч уг газар протоколын дагуу Хөвсгөл сумын нутаг мөн ч газрын зураг дээр Улаанбадрах сумын нутагт орсон талаар Хөвсгөл сумын Засаг дарга Н.Энхбаяр ярив.

Тиймээс сумын хилийн маргааныг цэгцлэх тухай Хөвсгөл сумын ЗДТГ-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу дээрх Мэргэжлийн комиссыг байгуулсан байна. Мэргэжлийн комиссыг аймгийн Засаг дарга ахалж буй бөгөөд бүрэлдэхүүнд газрын харилцааны мэргэжилтнүүд, сумын ажил хариуцсан хүмүүс, иргэдийн төлөөлөл багтжээ.

Холбоотой мэдээ