Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг түдгэлзүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-03-26 20:24:30
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж, дээрх хуулийн заалтыг түдгэлзүүллээ.


Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 заалт нь давж заалдах шатны болон Улсын дээд шүүхийн шийдвэрээр анхан шатны шүүхээс оноосон ялыг хүндрүүлж болохоор тусгасан байна. Энэ нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын "Иргэн хууль зүйн туслалцаа авах эрхтэй", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэх заалтыг зөрчсөн гэж  Үндсэн хуулийн цэц дүгнэсэн байна. 


Хуулийн заалтыг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, “Цэцийн дүгнэлтийг хүлээн авахгүй бол бодит амьдрал дээр шүүгдэгчийн давж заалдах эрх нь хязгаарлагдаж байна. Энэхүү хуулиар давж заалдсан иргэний ял хөнгөрөх, хүндрэх, эсвэл хэвээр нь үлдэхээс биш мөрдөн байцаалтад болон анхан шатны шүүхэд шилжихгүй болсон байна. Тиймээс мөрдөн байцаалт болон анхан шатны шүүхэд буцаах зохицуулалт тусгахыг УИХ, Хууль зүйн байнгын хороо /ХЗБХ/ мэргэжлийн хүмүүстэй хэлэлцэх хэрэгтэй” хэмээв.  


УИХ цэцийн дүгнэлтийг хүлээн авч, Ц.Мөнх-Оргил гишүүний саналыг тусгасан хуулийн төсөл боловсруулах хэрэгтэй гэдгийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хэллээ. 


Иргэд өөрийн гэм буруутай эсэхийг эцэслэн тогтоолгохоор дараагийн шатны шүүхэд хандах эрхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалт хязгаарлаж байна. Өөрөөр хэлбэл, иргэн өөрт оноосон ялыг нэмүүлэхээс эмээж, дээд шүүхэд гомдол гаргахгүй өнгөрөөж, улмаар зарим хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлнө гэж Үндсэн хуулийн цэц үзжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтыг түдгэлзүүлэх Үндсэн хуулийн цэцийн  дүгнэлтийг гишүүд 81 хувийн саналаар дэмжив.

Холбоотой мэдээ