Мотоциклтой иргэн осолдож амиа алджээ

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2019-03-25 17:19:29
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн албанд өнгөрсөн амралтын өдрүүдэд 468 дуудлага ирснээс зам тээврийн ослын шинжтэй 319 зөрчлийг шалгажээ. Ослын улмаас нийслэлд 11 хүн гэмтэж, орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна.

Ноцтой осол хэргээс дурдвал, Баянхонгор аймгийн нутаг “Хар чулуут” гэх газар шороон замд "Мустанг-5" маркийн мотоцикл онхолдож, 27 настай жолооч амиа алджээ. 

Мөн Баянгол дүүргийн нутаг, 25 дугаар эмийн сангийн уулзварт марк, улсын дугаар нь тодорхойгүй автомашин унадаг дугуйтай, 21 настай иргэнийг мөргөж гэмтээгээд зугтжээ. Замын цагдаа нар шуурхай эрэн сурвалжилж "T.Ractis" маркийн автомашины жолооч болохыг тогтоосон байна. 

Замын цагдаа нар сүүлийн өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 92 жолоочийг илрүүлж, хуулийн дагуу арга хэмжээ авжээ.


2018 оны байдлаар, Монгол Улсын хэмжээнд 55 926 мотоцикл бүртгэлтэй байгаагийн 86,4% буюу 48 333 нь орон нутагт замын хөдөлгөөнд оролцож байгаа юм. Тиймээс хөдөө, орон нутгийн замд мотоциклтой холбоотой осол, хэрэг их гарч байна. Тэр дундаа Баян-Өлгий, Өвөрхангай, Төв, Дорнод, Дундговь, Хөвсгөл, Увс аймгийн мотоциклын хэрэглээ бусад аймгуудынхаас илүү байна. Иймд иргэд мотоциклоо улсын бүртгэлд бүртгүүлэхээс гадна, аюулгүй байдлаа хангаж заавал зориулалтын малгай зэрэг хамгаалах хэрэгсэлтэйгээр мотоцикл унаж байхыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна. 

Холбоотой мэдээ