ЖДҮХС-гаас зээл авсан эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооцохыг шаардлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2019-03-23 12:39:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хэвтүүл” хөдөлгөөнийхөн Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас хамаарал бүхий компани нь зээл авсан УИХ-ын гишүүн болоод төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцохыг шаардаж өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд бүх нийтийн тайван жагсаал зохион байгууллаа.


Энэ үеэр хууль хүн бүрт тэгш үйлчилж, иргэдийнхээ боломжоос хулгайлсан улстөр, эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооцох ёстой гэдгийг жагсаалд оролцогчид онцолж байлаа. Мөн монгол залуус харийн оронд хүнд хүчир хөдөлмөр эрхэлж байгаа нь төрийн өндөр албан тушаалтнууд ард түмнийхээ боломжийг хулгайлж байгаагаас болсон хэмээж байв. Тэд жирийн иргэд жилийн 36 хувийн хүүтэй зээл авч байна. УИХ-ын гишүүд ЖДҮХС-гийн 3 хувийн хүүтэй зээл авч байгааг шүүмжилж байв.


Жагсаалд оролцогчид "Төрийн албан тушаалыг арилжсан 60 тэрбумын хэрэг, иргэдийн боломжийг хулгайлсан ЖДҮХС-гийн зээл, Концесс тендерийн хэрэгтэй холбоотой албан тушаалтнууд хуулийн өмнө хариуцлага хүлээхийг шаардсан" лоозон барьсан байлаа.

Холбоотой мэдээ