Ойн талаарх иргэдийн ойлголтыг танджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2019-03-22 16:12:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ойн чиглэлээр манай улсад хэрэгжүүлж буй “UN-RED” хөтөлбөрийн хүрээнд олон нийтийн санал бодлыг тандах судалгаа явуулжээ. Өнөөдөр тохиож буй “Дэлийн ойн өдөр”-өөр уг судалгааг танилцуулав.

Судалгаанд оролцогчдын 65.6 хувь нь ойн хомсдол болон ойн доройтол гэдэг нь ялгаатай ойлголт гэсэн байна. Энэ нь иргэдийн ойлголт 2016 оны үр дүнгээс 2.1 пунктээр сайжирсан үзүүлэлт гэдгийг судалгаанд дурджээ.

Манай орны хувьд, ой их хэмжээгээр хомсдож байна гэж судалгаанд оролцогсдын 62.3 хувь буюу гурван хүн тутмын хоёр нь үзсэн байна. Үүнийг 2016 оны үзүүлэлттэй харьцуулахад, иргэдийн ойлголт 6.2 пунктээр буурчээ. Ой, ойн сан нь цөлжилтийг бууруулах, усны тогтвортой нөөцийг бүрдүүлэх, дэлхийн дулаарлыг сааруулах, хөрс доройтохыг багасгахад нөлөөлдөг гэж үзжээ.

Ой модны ашиг тусын тухайд, судалгаанд оролцогчдын 71.2 хувь нь тоос, шороог шингээж, агаарын бохирдол буюу утааг багасгах, агаар мандал орчныг цэвэршүүлдэг гэж үзжээ. Харин 49.2 хувь нь нүүрс хүчлийн хийг шингээх, хүчилтөрөгчийн хийг ихээр ялгаруулдаг, 42.5 хувь нь хөрс, усны тогтцыг тогтвортой хадгалдаг, хүний эрүүл мэндэд тустай гэсэн бол, 16.6 хувь нь модны шим тэжээлийг ахуй амьдралд хэрэглэхэд ач тустай гэсэн байна.

Б.Болд

Холбоотой мэдээ