Э.Содномпилжээ дэлхийн дээд амжилтыг 12 кг-аар ахиуллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-03-21 15:10:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 105 кг-д гавьяат тамирчин Э.Содномпилжээ хэвтээ шахалтын төрөлд дэлхийн дээд амжилтыг гурван удаа шинэчлэн тогтоолоо.


Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны хүчний гурван төрөлтийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Тэрбээр эхний оролтоор 242 кг-ыг шахаж, 247 кг, 252 кг-ыг өргөснөөр дэлхийн дээд амжилтыг ийнхүү шинэчилсэн байна. Сүүлийн оролдлогоор 255 кг-ыг амжилттай шахаж Монгол Улсын аварга боллоо.


Түүний энэ амжилтыг ойрын үед эвдэхээргүй боллоо гэдгийг дасгалжуулагч Д.Баттулга онцолж байв. Үүнээс өмнөх дэлхийн дээд амжилтыг Э.Содномпилжээ 243 кг-ыг шахсан амжилтаар эзэмшиж байсан юм.


УАШТ шахалт, суулт, таталт гэсэн төрлөөр улсын аваргуудаа тодруулж байгаа билээ. Тэмцээний үеэр олон дээд амжилтууд шинэчлэн тогтоогдсон бөгөөд дэлхийн дээд амжилтыг эвдсэн байна.



“Рио 2016” паралимпын наадмын хүрэл, ДАШТ-ий алт, мөнгө, Дэлхийн цомын аварга, Азийн наадам, Азийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ нутгийн дэвжээнд ийнхүү дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Энэ жилийн УАШТ-ий оролцогчдын тоо эрс нэмэгдэж 100 гаруй болсон бол дээд амжилтууд ч шинэчлэн тогтоогдсоор байгаа аж. Тэмцээн өнөөдөр дуусна.

Холбоотой мэдээ