Хонхор-Налайхын салбар төмөр замын 10.4 км-ыг сэргээх шаардлагатай гэж үзэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Хонгор-Налайх чиглэлийн салбар төмөр замыг
сэргээн засварлах ажлын хэсэг өнөөдөр газар дээр нь нөхцөл байдалтай танилцаж, тус
замын 10.4 км-ыг сэргээх
шаардлагатай гэж үзжээ
Нийслэлээс Улаанбаатар-Налайх
чиглэлийн төмөр замын Хонхор-Налайх хоорондын салбар төмөр замын тээврийн хөдөлгөөнийг
сэргээн ашиглах талаар 2017 оноос эхлэн холбогдох байгууллагад санал тавьж
шийдвэрлүүлэхээр хөөцөлдөж эхэлжээ. Улмар тухайн дүүрэгт ажлын хэсэг байгуулж, холбогдох мэргэжлийн байгууллагаар
тооцоо, судалгаа хийлгэсэн байна. Уг төмөр замыг сэргээн засварласнаар цаашид дагуул хотуудыг
хөгжүүлэх, стратеги эдийн засгийн чухал ач холбогдолтой гэж үзэн Нийслэлийн
Засаг дарга С.Амарсайхан Зам, тээврийн хөгжлийн сайдад хүсэлт гаргасан
байна. Хүсэлтийн дагуу ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан энэ сарын 14-ний өдөр тушаал
гаргасны дагуу "Хонгор-Налайх чиглэлийн салбар төмөр замыг сэргээн
засварлах, ашиглах техникийн нөхцөл, боломжийг судлах" ажлын хэсэг
байгуулагдаж, өнөөдөр газар дээр нь нөхцөл байдалтай ийнхүү
танилцлаа.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Налайх
дүүргийн Засаг даргын
орлогч С.Тунгалаг, Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Туяабаатар, Газрын албаны
дарга М.Давааням нар ажиллалаа. Ажлын хэсэг санал, дүгнэлтээ гарган, ЗТХ-ийн
сайдад энэ сарын 29-нд танилцуулахаар боллоо.
Хонхор-Налайх хоорондын зам нь анх 1938 онд ашиглалтад орж, Налайхын их уурхай 1990-ээд оны сүүлээр хаагдан, ачаа тээврийн хэмжээ багасч, уурхайн хууль бус олборлолтоос үүдэн эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж магадгүй учраас уг замыг 2008 онд хаасан байна.