Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-03-20 18:18:25
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Өнөөдөр “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” тохиож буйтай холбогдуулан Дундговь аймгийн ОБГ-аас нэгдсэн үйл ажиллагааг зохион байгууллаа. 

Засгийн газрын 2017 оны 67 тоот тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн лхагва гаригийг "Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр" болгохоор шийдвэрлэсэн байдаг.

Энэхүү нэгдсэн үйл ажиллагааны хүрээнд иргэдэд Онцгой байдлын албаны үйл ажиллагаа, албанд ашиглаж байгаа багаж зэвсэг, техник хэрэгслийг танилцуулан, иргэд өөрийгөө болон гэр бүл, ойр дотны хүмүүсээ авран туслах мэдлэг олгох гарын авлага тараан зөвлөмж өгсөн байна.

Мөн мэргэжлийн анги, албад, иргэдийн дунд мэдлэг сорих “АХА” болон “Буухиа” тэмцээнийг тус тус зохион явууллаа. 

Таниулах өдөр нь газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, аврах үйл ажиллагаанд хүн амыг сургаж бэлтгэх, өөрийгөө болон бусдын амь насыг хамгаалах дадлыг хэвшүүлэх, газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх байнгын бэлэн байдлыг дээшлүүлэх зорилготой юм.

Холбоотой мэдээ