Ц.Индра: ЗЦГ-ын гүүрэн гарцын ажлыг аравдугаар сард дуусгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-03-20 15:00:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн газрын дэргэд байгуулж буй гүүрэн гарцын энэ жилийн ажил эхэлж байна.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр Нийслэлийн Авто зам хөгжлийн газрын орлогч дарга Ц.Индра, Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбат нар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Авто зам хөгжлийн газрын орлогч дарга Ц.Индра, БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буйГүүрэн гарц барих” төслийн (Хоум Плаза”-гийн уулзвараас Нарны зам хүртэлх) ажлыг 2018 онд эхлүүлснийг дурдаад, Нийт 477 метр урт гүүрийн бүтээн байгуулалтын эхний ажил 43.5 хувьтай байна. Ажлыг хуваарийн дагуу хийж байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйл буюу их усархаг бороо үргэлжлэн орохгүй бол энэ жил наймдугаар сарын 25 гэхэд үндсэн 477 метр урт гүүрээ нээнэ. Төлөвлөснөөр бол гүүр тавих бүх ажил аравдугаар сарын эхэн гэхэд  дуусна гэж мэдэгдлээ.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбат мэдээлэхдээ, “Өнгөрсөн жил гүүрэн гарцын барилгын ажил эхлэхэд Олимпын гудамжны замын хөдөлгөөнийг бүрэн хаасан. Энэ жил гүүр тавих ажил үргэлжлэхтэй холбоотойгоор гуравдугаар сарын 25-наас Олимпын гудамжны замын хөдөлгөөнийг зогсооно. Энэ өвөл гүүр тавих ажил түр зогссон учраас замын хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлж түгжрэлийг багасгахын тулд дээрх гудамжийг түр хугацаанд нээгээд байсан. Одоо буцааж хаахад Автозамчны болон Гэндэний гудамж, Нарны зам”-ын хөдөлгөөн эрс ихэснэ. Тиймээс жолооч нар энэ замаар явахгүй байх хичээх нь зүйтэй” гэв.

Олимпын гудамжны замын хөдөлгөөнийг энэ сарын 24-25 шилжих өдрийн өглөө хаах талаар мэдээллээ. Ингэхдээ олны хэлдгээр 13-ын шинэ зам буюу Натурын гудамжийг хаахгүй байхаар төлөвлөж байна гэлээ.

Холбоотой мэдээ