ОХУ-ын Ерөнхийлөгч Крым, Севастопольд айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-03-18 10:59:27

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Бүгд Найрамдах Крым Улс болон Севастополь хот ОХУ-ын бүрэлдэхүүнд орсны таван жилийн ойн баярын арга хэмжээнд оролцоно. Тэрбээр өнөөдөр буюу гуравдугаар 18-нд Севастополь болон Симферопольд айлчилна гэж ОХУ-ын төрийн тэргүүний хэвлэлийн алба мэдээлжээ.


Кремлийн мэдээлэлд дурдсанаар, ОХУ-ын Ерөнхийлөгч Балаклав болон Таврическийн уур хийн төхөөрөмж бүхий цахилгаан станцыг ашиглалтад оруулах тухай тайлан мэдээг хүлээж авна. Мөн Краснодарын хязгаарын Тамань тосгонд “Порт” дэд станцыг албан ёсоор нээх ёслолын ажиллагаанд видео хэвлэлийн бага хурлын хэлбэрээр оролцоно. Үүнээс гадна, Путин Севастопольд Малахов курган өндөрлөгийг үзнэ.


Симферопольд Путин Бүгд Найрамдах Крым Улс болон Севастополийн олон нийтийн төлөөлөгчидтэй уулзаж, 2014 онд явуулсан бүх нийтийн санал хураалт болон Крым ОХУ-ын бүрэлдэхүүнд орсны таван жилийн ойн баяр ёслолын арга хэмжээнд оролцоно.


Путин мөн Францын улстөрчдийн төлөөлөгчдийн тэргүүн болох “Франц-Оросын яриа хэлэлцээний холбоо”-ны ерөнхийлөгч Тьерри Марианитай уулзаж магадгүй гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээлсэн байна. Тьерри Мариани мөн Крымын хаврын таван жилийн ойн арга хэмжээнд оролцохоор ОХУ-д хүрэлцэн очжээ. Тэрбээр мөн Путинтай уулзаж магадгүй гэж урьд нь мэдэгдэж байсан байна.


ОХУ-ын бүрэлдэхүүнд орсон таван жил


Таван жилийн өмнө Украинд төрийн эргэлт болсны дараа Крымын хойгт бүх нийтийн санал асуулга явуулсан билээ. Тухайн үед Крым болон Севастополийн оршин суугчдын 96.7 хувь нь ОХУ-ын бүрэлдэхүүнд орохыг дэмжсэн бол ирц 80 хувьтай байв. Крым болон Севастополийг ОХУ-ын бүрэлдэхүүнд оруулах тухай Гэрээнд 2014 оны гуравдугаар сарын 18-нд гарын үсэг зурж, мөн сарын 21-нд Холбооны хурал соёрхон баталсан байна.


Бүгд Найрамдах Крым Улсад гуравдугаар сарын 18-ныг албан ёсоор Крым ОХУ-д эргэн нэгдсэний өдөр болгосон байна. Энэ өдрийг мөн амралтын өдөр болгожээ.


Крым, севастопольчуудын хууль ёсны дагуу гаргасан энэ шийдвэр нь Крымын хойг болон ОХУ-ын эсрэг Барууны орнууд хориг арга хэмжээ авах шалтгаан болсон билээ.  


Холбоотой мэдээ