Худалдааны хэлэлцээрт ахиц дэвшил гарч байна гэж үзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-14 14:59:39

ВАШИНГТОН. /TASS/. БНХАУ-тай худалдааны чиглэлээр хийж буй яриа хэлэлцээнд ахиц дэвшил гарч байна гэж үзэж байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп илэрхийлжээ.


“Ажил хэрэг бүтэмжтэй байна гэж үзэж байгаа бөгөөд худалдааны хэлэлцээрийг хэзээ байгуулахыг хүлээж л байя. Би худалдааны хэлэлцээрийг байгуулахаар яарахгүй байгаа. Гол нь зөв байгаасай гэж хүсэж байна. Хятад улстай худалдааны хэлэлцээр байгуулах магадлал өндөр байна. Хэлэлцээрт БНХАУ бүтцийн шинэчлэлт оруулсан байх хэрэгтэй. Тэр дундаа оюуны өмчийн хүрээнд бүтцийн шинэчлэлт байх хэрэгтэй” хэмээн тэрбээр ярьсан байна.


БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай Вьетнамд хийсэн уулзалтын талаар ярих үеэрээ тэрбээр, "уулзалтыг хэрхэн орхиж болдгийг БНХАУ-ын дарга Си Жиньпин харсан байх" хэмээн цохон тэмдэглэжээ.


Худалдааны салбарт үүссэн хоёр улсын маргааныг зохицуулах асуудлаар үр дүнтэй яриа хэлэлцээ хийсэнтэй холбогдуулан Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулах гаалийн татварыг нэмэгдүүлэх хугацааг хойшлуулахаар шийдвэрлэсэн тухайгаа Д.Трамп өмнө нь мэдэгдсэн билээ. 

Холбоотой мэдээ