Түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймагт зохион байгуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2019-03-13 15:25:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахаар гуравдугаар сарын 11-нээс 21-ний өдөр Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймагт ажиллаж байна.

Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж буйгаар гурав, дөрөвдүгээр сард нийт нутгаар хуурайшилт их байх учир ой, хээрийн түймэр гарах эрсдэл ихтэй байна. Тиймээс орон нутагт гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрт эхэлж, ой, хээрийн түймрээс сэрэмжилж, гал түймэр гарч болзошгүй бүсэд БОАЖЯ, ОБЕГ болон орон нутгийн холбогдох газрууд ийнхүү ажиллаж байна.

Ажлын хэсэг аймгуудын ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх ажилтай танилцаж, сум орон нутгийн холбогдох байгууллага, ард иргэдэд гал түймрээс  урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээлэл өгч, шаардлагатай арга хэмжээг газар дээр нь авч байгаа юм.

Улсын хэмжээнд өнгөрсөн онд нийслэл Улаанбаатар хот болон Архангай, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг 13 аймгийн 48 суманд 77 удаагийн ой, хээрийн гал түймэр гарсан юм.

Түймрийн улмаас байгал экологид 40 шахам тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

2018 онд гарсан ой, хээрийн гал түймрийг 2017 оныхтой харьцуулахад, урьдчилсан байдлаар түймрийн тоо гурав дахин, түймрийн хохирол хоёр дахин буурчээ.

Он гарснаас хойш улсын хэмжээнд нийт нутгийн 30 орчим хувь цасан бүрхүүлтэй хуурайшилт ихтэй байгаа талаар ЦУОШГ-аас мэдэгдээд байна.

Холбоотой мэдээ