М.Бямбажав: “Монгол” гэсэн юм бүхэн музейд л байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-03-12 22:25:33
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Музейн 70 жилийн ой 2019 онд тохиож байгаатай холбогдуулан тус байгууллагын дарга М.Бямбажавтай музейн сан хөмрөг, шилдэг үзмэрүүд, ойгоо угтан хэрэгжүүлэх онцлог ажлуудынх нь тухай ярилцлаа. 


-Энэ жил аймгийн Музейн түүхт 70 жилийн ой тохиож байна. Энэ бол түүхэн хөгжлийн чамлахааргүй хугацаа. Тиймээс энэ түүхт ойгоо хэрхэн яаж угтаж байна, ямар онцлог ажлуудыг төлөвлөж  байна вэ?

-Дундговь аймгийн музей анх 1949 онд байгуулагдсан. Энэ жил тохиож байгаа 70 жилийн ойгоо угтаж 70 бүтээлч ажлыг хийхээр төлөвлөөд заримаас нь хэрэгжүүлээд явж байна. Тухайлбол: Одоо музейн сан хөмрөгийнөө засварыг хийж байна. Сан хөмрөгөө янзлаад, хадгалалт, хамгаалалтын горимоор нь боож, байрлуулна.

Бүтээн байгуулалтын хэд хэдэн ажлыг хийнэ. Гаднах үүдний хэсэгтээ засвар хийж, хаягаа сайжруулан, хогийн савжуулах зэрэг бүтээн байгуулалтын ажлууд хийнэ. Мөн дотор зарим өрөөнүүддээ засвар хийхээр төлөвлөж байна.   

Хамгийн гол хийхээр төлөвлөж байгаа ажил бол Дундговь аймгийг судлаач эрдэмтдийг авчирч, “Дундговь судлал-2019” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна. 2018 оноос энэ ажлыг санаачлаад хэрэгжүүлээд явж байна. Зөвхөн хурал зохион байгуулаад орхихгүй, тэнд тавигдсан илтгэлүүдийг он оноор нь эмхэтгээд ном болгон гаргаж, олны хүртээл болгохоор төлөвлөсөн.

70 жилийн ойгоо угтаад 5 ном гаргахаар төлөвлөж байгаа. Эхлээд 2018 оны илтгэлийн номоо эхний ээлжинд хэвлүүлнэ. Мөн “Музейн сан хөмрөгийн үзмэрийн дээжис” каталог хэвлэхээр бэлтгэж байна.

Музейн түүхийн 70 жилийн ойн ном, “Дундговь судлал-2019” илтгэл, музейн захирлаар ажиллаж байсан хоёр даргынхаа (Ж.Сугир, Л.Мөнхбаяр) номыг хэвлүүлж гаргана.

Мөн музейн 70 жилийн ойн түүхт баримтат кино хийнэ. Одоо тун удахгүй энэ ажлаа эхлүүлэх гэж байна. Энэ гуравдугаар сард Палеонтологийн хүрээлэнгээс Үлэг гүрвэлийн динозаврын үзэсгэлэнг аймагтаа гаргаж, нутгийнхаа ард түмэнд сонирхуулна. Улаанбаатарт хүн тэр бүр очиж энэ үзэсгэлэнг үзэж чаддаггүй. Тиймээс энэ сонин үзмэрийг нутгийнхаа зон олонд сонирхуулахаар төлөвлөж байна.

5 дугаар сарын 18 бол Музейн өдөр. Тиймээс энэ өдөр Монгол банк, арилжааны банкуудтай хамтраад мөнгөн тэмдэгтийн үзэсгэлэнг гаргана. Манай музей жил бүр төрөл бүрийн цуглуулгатай хүмүүсийн цуглуулгаар “Хобби” үзэсгэлэнг уламжлал болгон гаргадаг. Энэ жил аймагтаа хамгийн олон цуглуулгатай иргэдийнхээ үзэсгэлэнг гаргахаар бодож байна. Байр савны багтаамж тааруу учраас тэр бүр том цуглуулгатай хүмүүсээ оролцуулж чаддаггүй. Тийм болохоор энэ жил онцлог жил учраас морины маш том цуглуулгатай Ш.Төрбат, онгоцны цуглуулгатай Ж.Мөнхтөр нарын үзэсгэлэнг гаргахаар төлөвлөөд байна.

Дундговь аймаг бол маш олон алдартан, гавъяатнуудын өлгий нутаг. Нутгаасаа төрөн гарсан алдартнуудын гэр бүлийн үзэсгэлэнг гаргана.

Мөн жил бүр зохион байгуулдаг “Энэ миний гэр бүл” үзэсгэлэнгээрээ энэ жил алдаршаагүй алдартанг алдаршуулахыг зорьж байна. Яагаад гэвэл нэр алдар нь төдийлөн түмэнд ил болоогүй ч гэсэн ард түмний дунд нэр хүндтэй, тус дэм болж явдаг, энгийн ч гэсэн гавьяатай  хүмүүс байдаг даа. Тийм хүмүүсийг алдаршуулах хэрэгтэй юм шиг санагддаг.

 

-Дундговь аймгийн музейн сан хөмрөгт хичнээн үзмэр хадгалагдаж байдаг вэ, ер нь юугаараа онцлог юм бэ?

-Музейн сан хөмрөгт 2018 оны байдлаар 4724 үзмэр хадгалагдаж байна. Музейн улсын тооллого сая хийж дууслаа. Бүртгэлд ороогүй олон үзмэр байгаа. 2019 оны байдлаар манай үзмэр 5000 гарна.

Манай аймгийн 5000 гаруй энэ үзмэр бол үнэхээр бусад аймгийн үзмэрүүдээс чанар чансаагаараа дээгүүрт ордог. Тооны хувьд ч олон үзмэртэй музейд тооцогдоно.

Энэ үзмэрүүд дотор ховор нандин, түүхийн өчнөөн олон үзмэр байна. Дундговь аймгийн музейн ялгарах гол онцлог нь хүрлийн үзмэрээр баялаг. 800-гаад хүрлийн үзмэр хадгалагдаж байгаа. Ийм олон хүрлийн үзмэртэй музей Монгол Улсад өөр байхгүй.

Мөн шашны үзмэрүүд байна. Манайд Зава Дамдин хэмээх түүхэн хүний эд зүйлийг хадгалсан гэр музей байна. Мөн шашинтай холбоотой танка, хөөмөл, зурмал бурхдууд, шашны эд зүйл байгаа. Шашны эд зүйлс маань 1300 орчим болсон. Үүгээр төрөлжсөн шашны музей байгуулж болно. Нэн эртний түүхийн музей ч байгуулахад болохоор тийм хэмжээний үзмэр манайд байдаг.

Мөн угсаатны зүйн 3000-гаад үзмэр хадлгалагдаж байна. Угсаатны зүйн музей ч байгуулах боломж бидэнд байна шүү дээ. Гагцхүү манай музейн барилга маань энэ олон үзмэрийг ном, горимых нь дагуу хадгалаад, олны хүртээл болгоод явахад багтаамж нь хүрэлцэхгүй болоод байна. Энэ бол бидний хувьд хамгийн том тулгамдсан асуудал болж байна.

Дундговьчууд бид ийм арвин их сан хөмрөгтэй байгаа нь үе үеийн музейн дарга нар, үе үеийн ажиллаж байсан хүмүүс, тэдний маань сэтгэл, хүчин чармайлт, хөдөлмөрийн ач гавъяа шүү дээ. Тиймээс бид тэр хүмүүстээ үргэлж талархаж явах ёстой гэж боддог юм.

За тэгээд археологиийн 1247, байгалийн 425, палеонтологийн 52, түүхийн холбогдолтой 1000 гаруй үзмэр байгаа.


-Ер нь танай музейд хичнээн “Шилдэг үзмэр” байдаг вэ, тэр шилдэг үзмэрүүдийнхээ заримаас манай уншигчдад сонирхуулах уу?  

-Шилдэг үзмэрийн тоог БСШУЯ-наас 150-аар тогтоож өгсөн байдаг. Тэгээд энэ тоонд бариулаад 150 шилдэг үзмэртэй гээд явж байна. Ер нь манай музейд шилдэгт оруулахаар өөр олон үзмэр байгаа. Тиймээс энэ жил хэвлүүлэх “Шилдэг үзмэр”-ийн каталогтоо 150 үзмэр дээрээ нэмээд хамгийн гоё, сайхан гэсэн үзмэрүүдээ нэгтгэж оруулна. Энэ каталог маань одоо 5 дахь удаагаа шинэчлэгдэн хэвлэгдэх гэж байна.

Шилдэг үзмэрт МЭӨ III мянганаас VIII зуунд хамаарагдах хүн төрөлхтний түүхийн чухал үеийг харуулсан хүрлийн үеийн олдвороос нилээд ордог. Манай музейн бэлгэ тэмдэг хүртэл хүрлийн дүрс байгаа. Энэ хүрлийн дүрс бол “Хосгүй үнэт”-д орох үзмэр гэж бид нар боддог. Тиймээс ч энэ саналаа хүргүүлчихээд хариу нь хараахан гараагүй байна.

Бурхадуудаас Өндөр гэгээн Занабазарын шавь сургуулийн хийцийн том бурхан байна, Аюуш бурхад байна, хөөмөл бурхадууд бас бий. Мөн танка (зурмал бурхан)-нууд хэд хэд байгаа. Өндөр гэгээн Занабазарын бүтээл бол маш ховор, нандин үзмэрт ордог. Маш ховор гэсэн үг шүү дээ. Манайд бол шавь нарынх нь урласан бүтээлээс байгаа гэсэн үг.

Мөн угсаатны зүйн нилээд хэдэн үзмэр байдаг. Эхнэр хүний гоёл чимэглэл, эрэгтэй хүний нарийн хийцтэй хэт хутганууд, Ардын урлагийн наадмаас алт, хүрэл медаль авч байсан мөнгөн аяганууд, маш гоё ур хийцтэй гаансны уут, боржигон дархны урласан, ямар ч хадаас ороогүй эхнэр хүний модон дэр, зоосон ширээ, мөн уран зурагнууд байна.

Дундговь аймгаас урлагийн алдартан гавьяатнууд олноор төрөн гарсан байдгаас гадна оюуны маш өндөр потенциалтай, зураачид олон байдаг. Уран зураач М.Цэмбэлдорж, Ц.Байды, П.Цэгмид, Х.Цэрэндорж, Ё.Чимэддулам гээд шавхагдашгүй их авъяастай сайхан хүмүүс байна. Энэ хүмүүсийн бүтээлүүд манай сан хөмрөгт хадгалагддаг. Тэдний зурсан 300 гаруй зураг бий. Ё.Өлзийхутаг гэж алдаршаагүй алдартай, гавъяа шагнал хүртээгүй ийм хүн байдаг. Энэ хүн бол хөрөг зургаар бараг Монголдоо гэж яригдахаар тийм чадвартай хүн гэж би боддог. Түүний зурсан хөрөг зургууд манайд хадгалагдаж байна.  

 

-Дундговь аймгийн Музейгээр овоглосон танай хамт олны хийж гүйцэтгэдэг өөр онцлог ажлууд юу байна, тэр бүр иргэд маань та бүхний эрхэлдэг ажлын талаар сайн мэддэггүй юм уу гэж бодогддог шүү.

-Бид чинь их л завгүй хүмүүс байдаг ш дээ. Сан хөмрөгөө баяжуулна, хадгална, хамгаална, нийтэд сурталчилна. Өөрсдөө үзэсгэлэн зохион байгуулна, гаднаас өөр үзэсгэлэн авчирч иргэддээ сонирхуулна, фондод байгаа үзмэрүүдээ үзэгчдэд үзүүлнэ, үзмэр цуглуулж авна. Үзмэрүүдийнхээ хадгалалт, хамгаалалтын хэвийн нөхцөлийг хангах ёстой. Түүний тулд нэг үзмэр байлаа гэхэд зориулалтын сав, баглаа боодол хийнэ, үзмэрүүдийг шүлтгүй цаас, даавуугаар боож, тусгай тавиур дээр тавьж хадгалдаг. Гэтэл манайд тэгж хадгалах байр, өрөө хүрэлцдэггүй.

Мөн бүртгэл мэдээллийн санд мэдээллүүдээ оруулна,  баяжуулна. Энд хадгалагдаж байгаа бүх үзмэрийн тодорхойлолтыг улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд оруулдаг. 2007 оноос хойш энэ ажлыг хийж байгаа. Манай музейн хувьд өнгөрсөн жил шахаж байгаад 5000 орчим үзмэрийнхээ мэдээллийг бүгдийг энэ мэдээллийн санд оруулчихсан байгаа.

Түүнээс гадна аймгийн бүртгэл мэдээллийн санг бүрдүүлж ажилладаг. Дундговь аймгийн алдартан гавъяатан, бүх уул, ус, хүн ардтай холбоотой бүхий л мэдээллийг нэгтгээд сан үүсгээд явж байна. Бусад аймагтай харьцуулахад манайх маш их сантай.

Хавтаснуудаа бүгдийг төрөлжүүлээд мэдээллүүдээ хийж, тогтмол баяжуулдаг. Энэ ажлын эхлэлийг 2000 онд анх манай дарга байсан Л.Мөнхбаяр үүсгэсэн.


-Дундговь аймгийн музейгээр хэр олон хүн зочилж, үйлчлүүлдэг вэ, гадаадын жуулчид хэр олон ирж байна, жуулчдыг татах талаар ямар ажлуудыг зохион байгуулж байна вэ?

-Манайхаар үйлчлүүлэх гадаадын жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор 3 сард болдог үзэсгэлэн яармагт тогтмол орж байна. Давхардсан тоогоор жилдээ 9000 хүнд үйлчилдэг.

Манай байгууллагаас улирал бүр иргэд, үйлчлүүлэгчиддээ чиглэсэн, тэдний боловсролыг дэмжсэн үйл ажиллагаа явуулдаг. Түүний нэг нь “Шөнийн музей” байгаа. Ажлын цагаар иргэдэд үйлчлэхээр тэр бүр ажилтай хүмүүс ирж үйлчлүүлж чаддаггүй. Тиймээс шөнийн цагаар музейгээ ажиллуулахын зэрэгцээ үйлчилгээгээ илүү сонирхолтой болгох зорилгоор усан оргилуур, гэрэл тавьж, тоглолт үзүүлж, хөнгөн хоол, зуушаар үйлчилдгээрээ онцлогтой. Энэ ажил маань иргэд, ялангуяа залуучуудын сонирхлыг их татсан байна лээ. Тиймээс илүү олон байгууллагатай хамтарч, өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байна.


-Хамгийн сүүлд олдсон сонирхолтой үзмэр юу байна, сан хөмрөгтөө сүүлд нэмэгдсэн үзмэрүүдээсээ танилцуулах уу?

-2018 онд 30-аад үзмэр авсан. Домбо, саахуу хувин, бугуйн цаг, Дэл уулнаас олдсон байгалийн чулуун дээр сийлсэн хас тэмдэгний зураг байгаа. Хас судлаачид, Монголын эрдэмтэд түүнийг Монгол нутаг дээрх хамгийн эртний “хас” тэмдэг гэж үзэж байгаа. Энэ бол их үнэтэй олдвор.


-Ойгоо хэзээ тэмдэглэн өнгөрүүлэх вэ? Энэ байгууллагыг удирдаад, Дундговийнхоо түүх, өв соёл, уламжлал, ёс заншлыг түмэнд түгээж, таниулах их ажлын төлөө зүтгэж яваа хүний хувьд иргэддээ хэлмээр санагддаг, бодогдож явдаг зүйл юу байна вэ?

-70 бүтээлч ажлаа амжуулчихаад ойгоо ёсдүгээр сард тэмдэглэхээр төлөвлөж байна.  Миний хувьд сэтгэл эмзэглүүлж явдаг нэг зүйл бол “монгол” ахуй, монгол сэтгэлгээ, монгол гэсэн бүхэн ховордож, зарим нь бүр байхгүй болчихсон байна. Бид нар өөрсдийгөө “монгол” гээд л яриад, цээжээ дэлдээд байдаг, гэтэл үнэхээр хэцүү болж байна шүү.

Хэл талаас нь аваад үзсэн ч, соёл  ахуй талаас нь аваад үзсэн ч тэр, уламжлал талаас нь бодсон ч тэр үнэхээр “монгол” гэдэг маань бидний амьдралд байхгүй болж байна.

Үүнд би маш их сэтгэл эмзэглэж явдаг. Гэхдээ энэ “монгол” гэсэн юм бүхэн харин музейд л байна. Эндээс л бид жинхэнэ монгол ахуйгаа олж харж болохоор байгаа юм. Тиймээс Дундговийн музейд ирж, ховор нандин үзмэр, “монгол” ахуй, соёлтойгоо танилцаарай гэж хэлмээр байна даа.

 

Дундговийн түүх, соёл, ёс уламжлалын ховор нандин бүхэн та бүхний эрхэлж байгаа ажилтай холбоотой байдаг. Тиймээс та бүхний ажил үйлсэд өндөр амжилт хүсье!

Чин сэтгэлээсээ ярилцсанд баярлалаа

Холбоотой мэдээ