ДАШТ-д бэлтгэхэд ФИФА ОХУ-д хагас сая доллар өгнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
jargal@montsame.mn
2016-03-18 15:22:47

МОСКВА. /TASS/. 2018 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ болон 2017 онд болох Холбоодын цомын төлөөх тэмцээний /FIFA Confederations Cup/ бэлтгэл ажлыг хангахад зориулж Олон улсын хөл бөмбөгийн холбоо /ФИФА/ ирэх жил ОХУ-д хагас сая доллар гаргана. Энэ тухай тус холбооны албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ.

ДАШТ-ий бэлтгэл ажилд зориулж 450 сая доллар гаргах бол Холбоодын цомын төлөөх тэмцээнд 55 сая доллар гаргана. ФИФА-гийн 2017 оны төсөв 1.3 тэрбум доллар байх аж.

2018 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулагч хотууд гуравдугаар сарын 10-нд хосгүй бэлгэ тэмдэгтэй болжээ.

2017 онд Москва, Санкт-Петербург, Казани, Сочи гэсэн Оросын дөрвөн хотод ФИФА-гийн ивээл дор зохион байгуулдаг улс орнуудын үндэсний шигшээ багуудын хөл бөмбөгийн тэмцээн болно.

2018 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийг зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15-ны хооронд Оросын 11 хотод зохион байгуулна. Тоглолтууд Москва, Санкт-Петербург, Казани, Сочи, Нижний Новгород, Самар, Калининград, Екатеринбург, Саранск, Волгоград болон Донын Ростов хотод болно.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ