Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоонд өөрчлөлт оруулах тухай хэлэлцүүлгийг зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-03-11 11:20:32

Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын "Архидан согтуурахтай тэмцэх талаар авах зарим арга хэмжээний тухай" 46-р тогтоолыг үндэслэн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоог шинэчлэн тогтоох тухай ХХААХҮ-ийн сайдын тушаалын төсөлд санал авах хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт 30 гаруй байгууллага, аж ахуйн нэгж, иргэд оролцож саналаа илэрхийлсэн юм.


Үүний дотор төрийн байгууллагуудын зүгээс дээрх төслийг дэмжиж байсан бол харин иргэд дэмжээгүй юм. Иргэдийн зүгээс согтууруулах ундаа худалдаалах цэгийн тоог цөөлснөөр хууль бус архи худалдаалах буюу хулгайгаар, хуурамч архи худалдаалах нь ихсэнэ гээд түүний оронд архины хор уршгийн талаар иргэдийн сэтгэлгээ хандлагыг өөрчлөх, архины үйлдвэрийн тоог цөөлөх, архины чанарыг шалгах, монгол архи үйлдвэрлэх, архины градусыг багасгах гэсэн саналыг иргэд гаргасан байна.


ХХААХҮ-ийн сайдын норматив тогтоох тухай төсөлд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоог нийслэл хот, аймгийн төвд 4000 хүртэл хүн ам тутамд, бусад суманд 2000 хүртэл хүн ам тутамд тус тус 1 байхаар зааж өгөхөөр заалт орсон байгаа юм.

Холбоотой мэдээ