“Сайн хичээл” уралдаан багш нарын ур чадварыг шалгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-03-07 16:27:07
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Боловсрол соёл урлаг спортын газраас 19 сургууль, 21 цэцэрлэгийн багш нарын дунд “Сайн хичээл”  уралдааныг 3 үе шаттайгаар зохион байгуулж, боловсролын салбарт эрдэм, мэдлэгийг түгээгч багш нарынхаа ур чадварыг сорьж, дүнгээ гаргажаа.

“Сайн хичээл” уралдааны нэгдүгээр шатанд 15 сумын бүх сургууль, цэцэрлэгүүд байгууллага дээрээ сургуулийн өмнөх боловсрол, бага анги, байгалийн ухаан, нийгмийн ухаан, мэргэжлийн судлагдахуун гэсэн 5 төрлөөр багш нарынхаа ур чадварыг сорьж, шалгарсан багш нар бүсийн уралдаанд оролцжээ.

Аймгийн 15 сумыг 3 бүс болгон сургууль, цэцэрлэгүүдээс шалгарсан 97 багш “Сайн хичээл” зааж, ур чадвараараа өрсөлдсөн бөгөөд бүсээс шалгарсан 30 багш 3-р шатанд өрсөлдөж, хамгийн ур чадвартай, сайн хичээл заасан багш нараа шалгаруулсан ажээ.

Тус уралдааны нийгмийн ухааны төрөлд Мандал сургуулийн багш Б.Урантогос түрүүлж, Хүмүүнлэг сургуулийн багш С.Оюунболд хоёрдугаар байр, Луус сумын англи хэлний С.Уранбайгаль удаалжээ.

Харин байгалийн ухааны хичээлээр Цэгц билиг сургуулийн математикийн багш Ц.Ганхуяг нэгдүгээр байр эзэлж, Говийн ирээдүй сургуулийн биологийн багш Б.Амартайван, Эрдэнэдалай сумын математикийн багш П.Болормаа нар удаалсан байна.

Бага ангийн төрөлд Гурвансайхан сумын Б.Ганжаргал, Мандал сургуулийн багш Б.Мөнзаяа, Говийн ирээдүй цогцолбор сургуулийн багш Ж.Мөнхтуяа нар, харин “Мэргэжлийн судлагдахуун” төрөлд Мандал сургуулийн багш Н.Уртнасан, Цэгц билиг сургуулийн багш Г.Цацралболд, Говийн ирээдүй цогцолбор сургуулийн багш Н.Ганбаатар нар эхний 3 байрт тус тус шалгарчээ.

21 цэцэрлэгийн багш нараас Сайнцагаан сумын 3-р цэцэрлэгийн багш Б.Сүнжидмаа түрүүлж, тус сумын 1-р цэцэрлэгийн  багш Үнэнцэцэг, 4-р цэцэрлэгийн багш М.Чулуунболор нар удаалсан амжилтыг үзүүлсэн байна.

Анхны “Сайн хичээл” ур чадварын уралдаан 2016 онд болж байсан бөгөөд энэ жил 2 дахь удаагийн уралдаанаа ийнхүү  зохион байгуулсан байна. Энэ удаагийн ур чадварын уралдааныг бүсчилж, 3 үе шаттайгаар зохион байгуулсан нь онцлогтой ажээ.  

Холбоотой мэдээ