Увс аймгийн арваад суманд хаваржилт хүндрээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-03-06 13:39:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-наас мэдээлснээр Улсын онцгой комиссын шуурхай бүлэг Баян-Өлгий аймгаас Увс аймагт ажиллаж байна.

Тус аймгийн Ховд, Өмнөговь, Улаангом, Малчин суманд ажиллах үеэр, алс өвөлжиж хаваржиж буй малчдаар орж, отрын штабын ажилтай газар дээр нь танилцаж, аймгийн Онцгой комиссын хуралдааныг зарлан хуралдуулав. 

Өнөөдрийн байдлаар, тус аймгийн Завхан, Зүүнговь, Малчин,  Наранбулаг, Өлгий, Өмнөговь, Сагил, Тариалан, Түргэн, Улаангом, Ховд, Хяргас зэрэг 12 суманд хаваржилт хүндрээд байна. Өнгөрсөн оны сүүл сарууд болон энэ оны эхний сард Баруунтуруун, Зүүнговь, Тэс, Малчин, Улаангом, Сагил суманд агаарын хэм хасах 40-50 хэм хүрч, хүйтэрчээ.     

Увс аймгийн нийт нутгийн 80 орчим хувь цастай байгаагаас Тэс, Малчин, Баруунтуруун, Зүүнговь, Улаангом, Хяргас сумын нутгаар цасны дундаж зузаан 10-23 см, хунгарласан газар, гуу жалгандаа 50-70 см хүрчээ. Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас малын идэш тэжээл, тарга хүч муу байна. Тиймээс аймгийн аюулгүйн нөөцөөс Өлгий, Өмнөговь, Тариалан, Малчин, Зүүнговь, Хяргас, Түргэн, Сагил, Наранбулаг сумын малчдад 90 гаруй тонн тэжээлийг 50 хувь хямдруулан, 116 тонн өвсийг малын тооноос хамааран хуваарилаад байна.




Мөн алслагдсан газарт отроор хаваржиж байгаа айл өрх, иргэдэд, төрийн үйлчилгээ, эрүүл мэндийн тусламж шуурхай үзүүлэхэд зориулан тус бүр хоёр сая төгрөг гаргаад байна.

Увс аймгийн хэмжээнд 3.1 сая толгой мал өвөлжиж байна. Аймгийн Баруунтуруун, Завхан, Зүүнхангай, Малчин, Наранбулаг, Өлгий, Өмнөговь, Сагил, Түргэн, Ховд, Хяргас сумдад 270 өрх оторлож байна.  

 

Холбоотой мэдээ