Увс аймагт хаваржилт хүндэрч 44 мянга гаруй толгой мал хорогдоод байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-03-05 12:18:33

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд энэ сарын 4-ний байдлаар 44 мянга гаруй толгой мал хорогдоод байна. Тус аймгийн баруун талын сумдад хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан шуурхай бүлэг энэ сарын 4-өөс эхлэн Увс аймагт ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле болон ОБЕГ, ХХААХҮЯ-ны мэргэжилтнүүд багтжээ.

Шуурхай бүлэг, аймгийн онцгой комиссын гишүүдийн хамтаар өчигдөр хаваржилт хүндрээд байгаа Өлгий, Өмнөговь, Тариалан сумын удирдлагуудтай уулзаж хаваржилтын талаар мэдээлэл сонсон, малчин өрхүүдээр орж, нүүдлийн штабын байдалтай танилцан санал хүсэлтийг нь сонссон юм.

Өнгөрсөн шөнө Аймгийн онцгой комисс хуралдаж хаваржилт хүндрээд байгаа сумдад ажилласан тайлан, хорогдсон болон хорогдож болзошгүй малын тоо, дүн мэдээг авч хэлэлцлээ.

Энэ үеэр Улсын онцгой комиссын шуурхай бүлгийн бие бүрэлдэхүүнд хүсэлт уламжилсны дагуу улсын нөөцийн өвс тэжээлийг хөнгөлөлттэй үнээр сумдад хуваарилах ажлыг шуурхай зохион байгуулах шийдвэрийг гаргалаа. Мөн хаврын хуурайшилтын үе эхэлж байгаатай холбогдуулан хил орчмын бүс нутгийн гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор Хилийн 0245-р ангид хоёр авто машин, мөн төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх ажлаа гүйцэтгэхэд нь Хяргас сумын ЗДТГ-т нэг авто машин олгохоор шийдвэрлэснийг шуурхай хуралдааны үеэр хурандаа М.Энх-Амар хэллээ.

Холбоотой мэдээ