600 гаруй сурагч учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдлэг нэмэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-03-04 12:41:25

Архангай /МОНЦАМЭ/. Олон Улсын Иргэний хамгаалалтын өдрийг тохиолдуулан Архангай аймгийн Онцгой байдлын газраас ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн 1, 2 дугаар ээлжийн нийт 600 гаруй сурагчийг хамруулан өдөрлөг зохион байгуулжээ.


Өдөрлөгийн үеэр онцгой байдлын албаны үйл ажиллагааг сурталчилж, ой хээрийн болон объектын гал түймэр, газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, гал унтраагуур хэрхэн ашиглах талаар яриа таниулга хийж, эрэн хайх аврах ажиллагааны багаж хэрэгслийг танилцууллаа. Ингэснээр хүүхдүүд онцгой байдлын албаны талаар зөв ойлголттой болохоос гадна ирээдүйд учирч болох эрсдэлд бэлтгэгдэн, ямар утсанд хандаж, ямар аргыг шуурхай авч болох талаар мэдлэг олж авсан юм.


Мөн тус сургуулийн 9-10-р ангийн сурагчид ОБГ-ынханд зориулж Т.Галсангийн "Монгол хүний зүрхний бичээс" шүлгийг уншиж талархал илэрхийллээ.  


Энэ жил Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллага /ОУИХБ/-аас “Хүүхдийн аюулгүй байдал, бидний үүрэг хариуцлага” уриан дор тэмдэглэжээ. ОУИХБ-д Монгол Улс 1992 онд ажиглагч гишүүнээр, 2002 онд жинхэнэ гишүүнээр элсэж, 2011 онд Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн улс болсон юм. 

Холбоотой мэдээ