"Малаа эрүүлжүүлж, малчдын хөрөнгө оруулалтыг дэмжье" сэдэвт чуулга уулзалт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-02-28 20:39:18

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн Баян Өнжүүл сумын соёлын төвд "Малаа эрүүлжүүлж, малчдын хөрөнгө оруулалтыг дэмжье" сэдэвт аймгийн чуулга уулзалтыг 3 дугаар сарын 1-2-нд зохион байгуулахаар болжээ. 

Чуулга уулзалтад аймгийн Засаг дарга Б.Амармэнд болон аймгийн ИТХ-ын төлөөлөл Ц.Эрдэнэбаатар, ХХААГ-ын дарга Б.Жамбалдорж, Б.Сансар, Б.Мөнхсүрэн, ГХБХБ-ын газрын дарга М.Отгонбат, Б.Дулмаажав зэрэг албаны хүмүүс оролцож, малчдад чиглэсэн нийгмийн ажлын талаар мэдээлэл өгч харилцан ярилцах юм байна.

Энэ уулзалтын хүрээнд малыг эрүүлжүүлэх болон малын тарилга туулгыг хэдийд хэзээ хийх мэдлэг мэдээлэл өгөхөөс гадна газрын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудал,  малын эрүүл мэндийн талаар 2019 онд хийх ажлууд, мал хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх арга ажиллагаа, "Ногоон алт" төслийн Төв аймаг дахь салбарын мэдээлэл зэргийг сонсгож, нийгмийн даатгалын улсын байцаагч Б.Дулмаажав малчдын тэтгэвэр, тэтгэмжийн өөрчлөлтийн талаар танилцуулж,  санал бодлоо солилцохоор төлөвлөжээ.

Чуулга уулзалт 2012 оноос эхлэн жил бүр тогтмол явагдаж байгаа бөгөөд энэ жилийн уулзалтад 200 гаруй малчин оролцох төлөвтэй байгаа гэнэ. Малчдын нийгмийн асуудлуудыг цогцоор нь авч хэлэлцдэг учраас үр дүн сайтай уулзалт болдог гэж ЗДТГ-ын дарга Л.Жанцанноров мэдээллээ.

Чуулга уулзалтын төгсгөлд малчдадаа зориулсан урлагийн тоглолт үзүүлэх ажээ.


Холбоотой мэдээ