Онцлох алба хаагч нараа урамшуулдаг болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-02-27 13:11:38

Завхан/МОНЦАМЭ/Завханы Цагдаагийн газар нь энэ сараас эхлэн ажилдаа амжилт гаргасан болон олон нийтийн ажилд идэвхтэй оролцсон онцлох алба хаагч нарыг шалгаруулж, урамшуулдаг болжээ.

Онцлох алба хаагчаар шалгаруулахдаа тухайн сард ажлын үр дүнгээр болон бусдыгаа хошуучлан ажилласан, олон нийтийн ажилд идэвхтэй сайн оролцсон, шинэлэг ажил санаачлан зохион байгуулсан болон дэвшүүлсэн, спортын амжилт гаргасан, урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээг зохион байгуулсан зэргийг хэлэлцэж “Онцлох албан хаагч”-ийг тодруулах юм байна. Сар бүрийн онцлох албан хаагчийг тодруулахдаа аймгийн Цагдаагийн газраас болон сумдаас тус бүр нэг офицер, нэг ахлагчийг шалгаруулах юм байна. Тухайн сар шалгарсан онцлох алба хаагч нарыг нэг сар албан тушаалын цалингийн хэмжээг 20 хувиар нэмж, гурав хоногийн цалинтай чөлөөгөөр шагнаж урамшуулж байхаар болжээ. Ийнхүү аймгийн Цагдаагийн газрын хоёрдугаар сарын онцлох алба хаагчаар цагдаагийн дэслэгч А.Билэгсайхан, цагдаагийн ахлагч Л.Сүхбат, цагдаагийн дэслэгч Э.Нямсамбуу, цагдаагийн дэд ахлагч  М.Түвдэнсүрэн нар шалгарсан тухай аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв.

 

Холбоотой мэдээ