Сергей Лавров Хонконгт айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-02-26 13:11:42

ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мягмар гарагт БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс болох Хонконгт анх удаа айлчилна.


Тэрбээр Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Ламтай уулзаж, Орос-Хонконгийн худалдаа-эдийн засаг, санхүү, хүмүүнлэг болон бусад салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Талууд мөн хууль, эрхзүйн орчныг бэхжүүлэх асуудлыг хөндөнө.


Москва нь Хятадтай явуулж буй стратегийн түншлэлийн харилцааны хүрээнд Хонконгтой хамтран ажиллаж байна гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас С.Лавровын айлчлалтай холбогдуулан хийсэн мэдээлэлд онцлон тэмдэглэжээ.


Өнгөрсөн онд ОХУ болон Хонконг хороондын нийт бараа эргэлтийн хэмжээ 4 тэрбум 59 сая ам.долларт хүрсэн нь 20.5 хувиар өссөн үзүүлэлт аж.


"Норильский никель", "Магнитогорскийн төмөрлөгийн үйлдвэр", "Алроса", "Аэрофлот", “Fesco”, "ВТБ Капитал", “Газпромбанк” болон “Внешэкономбанк”, "Волга - Днепр", “АТС Air Service Ltd” зэрэг ОХУ-ын томоохон компаниудын салбар болон охин компаниуд Хонконгт үйл ажиллагаа явуулдаг байна.


С.Лавров мягмар гарагт мөн Хятадын Ужэнь мужид очно. Тэрбээр тус мужид Хятадын Гадаад хэргийн сайд Ван И, Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Сушма Свараж нартай уулзана. Гурван орны ГХ-ийн сайд нар лхагва гарагт нэгдсэн уулзалт хийнэ.

Холбоотой мэдээ