Ч.Улаан: Хүн амыг дотоодын эрүүл, аюулгүй хүнсээр бүрэн хангахын төлөө ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-02-22 16:17:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Бидний зорилго хүн амыг дотоодын үйлдвэрлэлийн эрүүл, аюулгүй хүнсээр бүрэн хангахад оршино. Мөн экспортын үйлдвэрлэлийг хөгжүүлэх бөгөөд үүнийг та бүхэнтэй хамтран хэрэгжүүлж, өөрөөс шалтгаалах бүхнийг хийх болно" гэдгээ ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан өнөөдөр эхэлсэн Хүнс, ХАА, хөнгөн үйлдвэрийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн дээр онцлов.

Тэрээр, “Бид зорилгодоо хүрэхийн тулд уламжлалт мал аж ахуй зонхилж, газар тариалангийн бүс, хот, суурингийн орчимд эрчимжсэн мал аж ахуйг төрөлжүүлэн хөгжүүлж, тариалангийн талбайн эргэлтийг нэмэгдүүлэн, хөрсний үржил шим, үр сортыг сайжруулах, тэдгээрийн нөөцөд суурилан хөнгөн, хүнсний үйлдвэрийг сэргээн хөгжүүлнэ” гэдгийг тэмдэглэсэн юм.  


Өнгөрсөн оны ажлаар Орхон, Дархан-Уул, Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрууд шалгарлаа


Зөвлөгөөнөөр салбарын өнгөрсөн онд хийсэн ажил, энэ онд дэвшүүлсэн зорилт, орон нутагт хэрэгжүүлэх ажил, аймгуудын ХХААГ-ын 2018 оны ажлын гүйцэтгэлд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг танилцууллаа. 2018 оны ажлын үр дүнгээр Орхон, Дархан-Уул, Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар шалгарлаа. Аймгуудын ХХААГ-ын дарга нар өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар товч танилцуулж, бэлчээрийн усан хангамж, удирдлага, хүний нөөц, боловсон хүчин, төсөв санхүү зэрэг салбарын хүрээнд тулгарч буй асуудлаа дэвшүүлэн тавьж, байр сууриа илэрхийлэв.

Зөвлөгөөний үеэр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан 21 аймгийн Хүнс, ХАА-н газрын даргатай 2019 онд хамтарч ажиллах үр дүнгийн гэрээ байгуулав. Гэрээг Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон 2019 онд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт дэвшүүлсэн зорилтыг орон нутагт хэрэгжүүлэх зорилгоор байгуулж байгаа юм. Гэрээгээр яам бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээ, манлайллын зорилтоо хэрэгжүүлэхэд нь аймгийн ХХААГ-уудыг дэмжиж тусалж, гэрээний биелэлтийг хангах боломж, нөхцөлийг бүрдүүлэн ажиллах үүрэг хүлээж байна.

Гэрээний биелэлтийг энэ оны 12 дугаар сарын 25-ны дотор тайлагнаж, ирэх оны нэгдүгээр сарын 15-нд багтаан дүгнэх юм. Гэрээнд тухайн аймагт улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт, мал аж ахуй, газар тариалан, хүнс, худалдаа, хоол, үйлдвэрлэл, хөнгөн, ЖДҮ, хоршоо, малын үржил, бүртгэлийн чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагаа, суурь түвшин, хүрэх үр дүн, төсвийг хавсралтаар тусгасан байна. 

Зөвлөгөөнд ХХААХҮЯ-ны газар, хэлтсийн дарга нар, харьяа байгууллагуудын удирдлага, аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газар (ХХААГ)-ын болон албаны дарга нар оролцож байна.

 

Холбоотой мэдээ