Обама Умард Солонгост дахин хориг арга хэмжээ авлаа

Дэлхийд
jargal@montsame.mn
2016-03-17 10:10:51

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Умард Солонгосын Засгийн газар болон Солонгосын Хөдөлмөрийн намын /СХН/ улсынх нь нутаг дэвсгэр дэх эд хөрөнгийг битүүмжилж, хөрөнгө оруулалтыг хаажээ. Энэ тухай Цагаан ордон лхагва гарагт мэдээлсэн байна.

“Өнөөдөр Ерөнхийлөгч Умард Солонгост шинээр хориг арга хэмжээ авах тухай Засгийн газрын тогтоолд гарын үсэг зурлаа” гэж АНУ-ын төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Жошуа Эрнест онцлон тэмдэглэжээ. “Тогтоолд заасны дагуу Умард Солонгосын Засгийн газар болон СХН-ын өмч хөрөнгийг битүүмжлэх, мөн тодорхой хэлэлцээ хийхийг хориглоно” гэж мэдээлэлд дурдсан байна.

Тухайлбал, “Умард Солонгосын Засгийн газар болон СХН-ын ямар нэг орлого олж байгаа металл, бал чулуу, нүүрс эсвэл программ хангамжийн” худалдааны хэлэлцээ хийхийг хоригложээ. Баримт бичигт заасны дагуу, мөн "Умард Солонгосын Засгийн газар эсвэл СХН-ын хүний эрх зөрчсөн үйлдэлд оролцсон", Умард Солонгосоос ирсэн ажилчдын хөдөлмөрийг ашигладаг, Пхеньяны дэмжлэгтэйгээр кибер гэмт хэрэг үйлддэг хувь хүн, компаниудад хориг арга хэмжээнд өртөнө.

Обама мөн “Умард Солонгост аливаа бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ эсвэл технологи” экспортлох болон реэкспорт /тухайн оронд өмнө нь оруулж ирсэн барааг өөр бусад оронд дамжуулан дахин худалдах/ хийхийг, мөн тус улсад хөрөнгө оруулахыг хоригложээ.

Шинээр хориг арга хэмжээ авснаа Цагаан ордон Умард Солонгосын энэ оны эхээр явуулсан цөмийн болон пуужингийн туршилттай холбон тайлбарласан байна.

АНУ-ын Сангийн яам мөн Умард Солонгосын Засгийн газар болон байгууллагуудын 17 төлөөлөгчид нэмж хориг арга хэмжээ авч, тус улсын эзэмшилд байдаг эсвэл ашигладаг 20 хөлөг онгоцыг үйл ажиллагаа явуулахыг хориглож, битүүмжилсэн байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ