Хархорин сумын нэрэмжит үндэсний бөхийн барилдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-02-22 16:13:50

Өвөрхангай /МОНЦАМЭ/. "Их монголын хүчтэн" дэвжээнээс санаачлан Хархорин сумын нэрэмжит үндэсний бөхийн барилдааныг өнгөрөгч баасан гарагт Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Барилдаанд улсын харцага Х.Гантулга, улсын начин Б.Сангисүрэн, Л.Батзориг, Ц.Чимэддорж нарын тэргүүтэй 56 бөх хүч сорин барилдсанаас Уянга сумын харьяат, улсын харцага Х.Гантулга түрүүлж, Богд сумын харьяат, аймгийн харцага Х. Энхчулуун үзүүрлэжээ. Их шөвөгт Баян-Өндөр сумын харьяат, аймгийн арслан Т.Ядамсүрэн, Тарагт сумын харьяат, аймгийн начин Ж.Бямбадонид нар шалгарсан байна.

Улсын заан "том" хэмээх Ц.Санжаа, Монгол Улсын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч, уран барилдаант заан З.Дүвчин, дэвжээний ерөнхий дасгалжуулагч, улсын заан Т.Санчир, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын начин Д.Пүрэвсүрэн, Дэлхийн хошой аварга, олимпийн их наадмын мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар З.Ойдов нарын тэргүүтэй олон хүчтэн Хархорин сумаас төрсөн байдаг. Барилдааны үеэр Улсын заан Ц.Санжаа, аймгийн арслан О.Наранбаатар нарт Хархорин сумын ИТХ, ЗДТГ, Хархорин сумын ҮБХ-оос хүндэтгэл үзүүллээ.

Холбоотой мэдээ