Хар тамхи хэрэглэсэн үедээ жолоо барьсан зөрчлийг илрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-02-22 14:18:41
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үедээ жолоо барьсан этгээдийг Сүхбаатар дүүргийн замын цагдаа нар энэ долоо хоногт илрүүлжээ.


Тодруулбал, Замын цагдаагийн зохицуулагч, ахлах дэслэгч Ц.Дүүрэнбилэг, ахлах ахлагч Б.Амарбат нар тус дүүргийн наймдугаар хороонд үүрэг гүйцэтгэж явахдаа, "T.Lexus RX450" маркын автомашиныг зогсоон шалгахад, дээрх зөрчил илэрсэн байна. Жолооч 29 настай эрэгтэй А, зорчигч 23 настай Н нарыг харьяа цагдаагийн байгууллага хэрэг үүсгэн шалгаж байна.


Тээврийн цагдаагийн алба энэ долоо хоногт 943 дуудлага хүлээн авснаас, зам тээврийн ослын шинжтэй 698-ыг нь шалгаж шийдвэрлэв. Эдгээрийг өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад, гэмтсэн хүний тоо 56 хувиар, гэмтсэн хүүхэд 50 хувиар багасжээ.


Тодруулбал, осол, хэргийн улмаас нийслэлд 14 хүн бэртсэний зургаа нь бага насны хүүхэд байв. Өнгөрсөн долоо хоногт зам тээврийн ослын улмаас 32 хүн бэртсэний 12 нь хүүхэд байсан юм. Эдгээр өдөр нийслэлийн болон орон нутгийн замд ноцтой зам тээврийн осол, хэрэг гараагүй, нөхцөл байдал хэвийн байлаа.

Хүүхдүүд харгалзах хүнгүйгээр зам хөндлөн гарахдаа осолд их өртөж байна.


Замын цагдаа нар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 147 жолоочийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцсон бол, есөн жолоочийг шүүхийн шийдвэрээр баривчлав. Өнгөрсөн долоо хоногийнхтой харьцуулахад, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 29 хувиар багассан байна.  


Энэ долоо хоногт Тээврийн цагдаагийн албаны бүртгэсэн ноцтой осол, хэргээс дурдвал:

  • Баянгол дүүргийн нутаг 25 дугаар эмийн сангийн урд замд "H.Elentra" маркын автомашины жолооч нь явган зорчигч 21, 23 настай хоёр хүнийг мөргөж гэмтээсэн бөгөөд явган зорчигч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байв.
  • Сонгинохайрхан дүүргийн нутаг 67 дугаар сургуулийн баруун замд "H.Aero city" маркын автобусны жолооч нь явган зорчигч 66 настай Д-г мөргөж гэмтээсэн зэрэг хэргүүдийг тус алба шалгаж байна.


Холбоотой мэдээ