Татварын байцаагч ПОС машин хэрэглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-02-20 19:15:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Татварын байцаагч нар удахгүй ПОС машин хэрэглэнэ. Энэ ажил автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын төлбөр хураамжаар эхлэх гэж байна.

Дээрх ажлын бэлтгэлийг хангах үүднээс Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв (НҮНТ)-ийн Дүнжингарав дахь салбарт ажиллаж буй татварын байцаагч нарт сургалт явуулллаа.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг оны эхнээс тавдугаар сарын 31 хүртэл зохион байгуулдаг. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг иргэд НҮНТ дээр биечлэн очиж төлдөг. Иргэдийн хувьд нэг цонхны үйлчилгээ дараалалгүй ч, банкинд үйлчлүүлэгч олонтой байдаг. Тиймээс банкинд дугаарлах шаардлагагүй, цаг заваа хэмнэх боломжтой болгох зорилгоор төлбөр хураалтад ПОС машин ашиглах, үйлчилгээнд нэвтрүүлэх сургалтыг явуулжээ. Энэ ажлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Монголбанк, Татварын ерөнхий газар, Төрийн банк зэрэг байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна.

Үүнээс гадна тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон компьютероос https://smartcar.mn/ цахим хуудсанд нэвтэрч, орон зайнаас үл хамааран цаг заваа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөрийг төлөх боломжтой хэмээн нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

 

 

Холбоотой мэдээ