О.Батжаргал: Бидний ажлын гол дүгнэгч, хянагч нь иргэд шүү дээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-02-22 00:04:31

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга, аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргалтай уулзаж, цөөн асуултанд хариулт авлаа.

 -   -Аймгийн ИТХ-д Намын бүлэг ажилладаг. Намын бүлгийн эрх, үүрэг, хариуцлагын талаар та мэдээлэл өгөхгүй юу?

-    -Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 3 ба түүнээс дээш төлөөлөлтэй улс төрийн намууд нь бүлэг байгуулан ажиллах эрхтэй байдаг. Намын бүлэг нь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд нэр дэвшүүлэх, Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэх асуудал, түүний дарааллын талаар байр сууриа илэрхийлэх, Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан завсарлага авах зэрэг эрх, үүрэгтэй. Өвөрхангай аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулиар 41 суудлын 38-ыг нь Монгол Ардын Намаас нэр дэвшсэн төлөөлөгчид авсан. Тиймээс Намын бүлгээ байгуулж, хоёр ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Намын бүлгийн ажилтнууд нь ИТХ-ын үйл ажиллагаанд Төлөөлөгчдийн оролцоог хангах, Хурлын байгууллага болон Намын уялдаа холбоог бэхжүүлэх, Төлөөлөгчдийн санаачилсан ажилд дэмжлэг үзүүлэх зэрэг чиг үүргийг аймгийн ИТХ-ын Ажлын албатай хамтран хэрэгжүүлж байна.

2018 онд Төлөөлөгчдийн зүгээс МАН-ын Хороо руу хандсан санал, гомдол гаргаагүй. Харин Төлөөлөгчдийн хүсэлтээр сонгогч иргэдийн дунд судалгаа явуулж, тулгамдсан асуудлыг тодорхойлдог. Өнгөрсөн жил есөн суманд судалгаа хийсэн байна.

-  -Аймгийн ИТХ-ын бүрэлдэхүүн бараг нэг намаас суудалтай тул асуудал багатай, тайван ажиллаж байна гэж дүгнэж болох уу?

-   -Тэр тусмаа Намын бүлэг хариуцлагатай ажиллах ёстой гэж би боддог. Сөрөг хүчний хяналт харьцангүй бага нөхцөлд аливаа асуудлыг олон өнцгөөс нь харж байж шийдвэр гаргах ёстой гэж ойлгож байгаа. Тэгээд ч бидний ажлын гол дүгнэгч, хянагч нь иргэд шүү дээ. Иргэдийнхээ дуу хоолойг сонсож, иргэдийн санал хүсэлтийг л бодлого, шийдвэрт тусгах нь чухал.


-   - Та аймгийн ИТХ-ын Төлөөлөгч хүн. Тойрогтоо ямар ажлуудыг амжуулаад байна вэ?

-  - Миний бие Арвайхээр сумын Рашаантын 8 дугаар багаас аймгийн ИТХ-д сонгогдон ажиллаж байна. Төлөөлөгчийн хувьд багийнхаа ИНХ-д аль болох таслахгүй сууж, иргэдийн санаа бодлыг сонсохыг хичээдэг. Тойргийнхоо иргэдтэй хамтарч ажиллаж байгаа зарим зүйлээс дурдъя.

Манай ахмадуудаас нийгмийн халамжинд хамруулж өгөх хүсэлтийг их тавьдаг учраас Өгөөмөр сувилалд хоёр жил дараалан 60 гаруй ахмадыг сувиллын үйлчилгээнд хөнгөлттэй үнээр хамрууллаа. Мөн багийн хурлаар байнга яригддаг зүйл бол гэрэлтүүлэг юм. Үүнийг шийдэхийн тулд багийн Ажлын алба, мэргэжлийн байгууллагатай хамтраад гэрэлтүүлэг шаардлагатай байгаа газруудын судалгааг гарган гэрэлтүүлэгтэй болгох асуудлыг бүрэн шийдсэн. “Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил”-ийн хүрээнд Арвайхээр сумын хэмжээнд гэрэлтүүлгийн асуудлыг бүрэн шийдвэрлэх зорилт тавьж байгаа. Тухайлбал, 14-16 метр өндөртэй цамхган гэрлүүдийг гэр хороололд суурилуулах юм.

Манай тойргийн айл өрхийн гуравны хоёр хувь нь гэр хороололд аж төрдөг. 8 дугаар баг нь Арвайхээрийн ууган багийн нэг учраас жорлонгийн асуудал хүндрэлтэй байдаг. Байгаль экологид ээлтэй, хүний эрүүл мэндэд хоргүй, дэвшилтэд эко жорлонг улс орон даяар нэвтрүүлж байгаа учир өнгөрсөн жилээс зарим айлууд био жорлонг туршиж үзлээ.

8 дугаар багт  “Мөнгөн хуримтлалын бүлэг” гэж бий. Энэ бүлэгтэй би 8 жил хамтран ажиллаж байна. Бүлгийн хүмүүсийг төсөл хөтөлбөрт хамрагдахад нь ХХҮГ, Арвайхээр сумын ЗДТГ-тай холбож, дэмжлэг үзүүлж ажилладаг юм. Саяхан Мөнгөн хуримтлалын бүлэг, Хүний эрхийн хөгжил төвийн 20 жилийн ой тохиоход тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлсэн.

Багт тулгамдаж байгаа бас нэг асуудал бол худаг. Өнгөрсөн жил төсвийн 5 сая төгрөгөөр засаж өгсөн. Гэтэл хариуцагч нь хөлдөөгөөд одоогоор ажиллахгүй, иргэд усаа холоос зөөвөрлөж байна.

Орлого багатай иргэдээс маань эмчилгээний зардал, эм тарианы мөнгө хэрэгтэй байгаа талаар хүсэлт тавьдаг. Тэдний өргөдлийг аймгийн ЗДТГ-т уламжилж, журмын дагуу дэмжлэг туслалцааг үзүүлж байна. Түүнчлэн мэдлэг чадвараа төр, түмэндээ зориулсан тэргүүний хүмүүсээ шагнал урамшуулалд уламжилж, 2018 онд гурван хүн төрийн одон медалиар энгэр мялаасан.

Энэ жил манай багийн гурван хэсэгт явган хүний зам, засмал зам гэрэлтүүлгийн хамт тавигдана.  Тэсэлгээний баруун хэсгээр зам тавигдах юм. Сүүлийн жилүүдэд  8 дугаар багийн нутаг дэвсгэрт бүтээн байгуулалтын ажил багагүй өрнөж, багийн өнгө төрийн сайжруулахад хувь нэмэр оруулж байна.

-  -Аймгийн Засаг даргын орлогчийн хувьд орон нутгийнхаа хөгжил, дэвшлийн талаар ямар үнэлэлт дүгнэлттэй байна вэ?

-   -Аймгийн Засаг даргын орлогчийн зүгээс юм ярья гэвэл маш их зүйл байна. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Өвөрхангай аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн дийлэнх хэсгийг аймгийн Засаг даргын хоёр орлогч хариуцан ажилладаг. Өнгөрсөн 2018 онд хүүхдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилт тавьж, тэдний сурлага, авьяас, хүмүүжил төлөвшил, амьдрал ахуй руу чиглэсэн томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулсан. Сургууль, цэцэрлэг, соёлын төвийн барилгыг шинээр барих, их засварт оруулах, хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчин бий болгох гээд бүтээн байгуулалтууд ч багагүй өрнөсөн.

2019 онд өмнөх жилээс арай илүү төсөв хөрөнгө батлагдсан. УИХ-ын гурван гишүүн маань сайн хөөцөлдсөний үр дүнд бололцооны төсөв батлуулсан юм. Д.Тогтосхүрэн гишүүний тойрог болох Арвайхээр, Тарагт суманд гэхэд л тэрбум төгрөгийн санхүүжилт батлуулсан байна. Тиймээс аймгийн хөгжил дэвшил, өнгө төрх энэ жил дахин нэг шатаар дээшилж, иргэдийн өмнө тулгамдсан асуудал тодорхой хэмжээнд шийдэгдэнэ гэж бодож байна. 2019 оныг аймгийн ИТХ-аас “Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил” болгон зарласан. Энэ дагуу төлөвлөсөн ажил их бий. Ямар ч байсан бүх сумандаа ногоон байгууламжийг нэмэгдүүлж, дэд бүтцийн асуудлыг шийднэ.

 

Холбоотой мэдээ