Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-02-20 15:55:50
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хаврын улиралд хөрсний хуурайшилт их байх тул Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээ”-ний албан даалгавар гаргав.

Тус албан даалгаварт ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлж, гал түймэр унтраах зохион байгуулалтыг эртнээс сайжруулах, бүх шатны төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, хамтран ажиллахыг БОАЖЯ, БХЯ, Хил хамгаалах ерөнхий газар, ЦЕГ, ОБЕГ-ын дарга, аймаг, нийслэлийн засаг даргад үүрэг болгожээ. 

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр дөрөвдүгээр сар хүртэл нийт нутгаар олон жилийн дунджаас 0.5-1 хэмээр дулаан байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд, нутгийн хойд хэсгээр дунджаас ахиу, зүүн хагаст дунджаас бага байх бөгөөд хаврын улиралд нийт нутгаар хуурайшилт ихтэй байх мэдээллийг Цаг уур, орчны шинжилгээний газар /ЦУОШГ/-аас мэдээлжээ.

Улсын хэмжээнд өнгөрсөн онд 77 удаагийн ой, хээрийн түймэр гарч, 568,6 мянга га талбай түймэрт өртөж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад 39,5 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Холбоотой мэдээ