Шинэ нисэх буудлыг 10 дугаар сараас бүрэн хүчин чадлаар ашиглана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-02-20 15:36:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс энэ оноос шинэ нисэх буудлаа ашиглаж эхэлнэ. Хөшигийн хөндийд баригдсан нисэх буудлыг долдугаар сараас туршилтаар, 10 дугаар сараас бүрэн хүчин чадлаар ашиглах талаар ЗТХЯ-наас мэдээлж байна.

Шинэ буудлыг ашиглахтай холбоотойгоор агаарын зохицуулагч, нислэг хөдөлгөөний удирдагч, онгоцны нисгэгч зэрэг нарийн мэргэжлийн боловсон хүчин дутмаг байна. Энэ талаар шинээр томилогдсон ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан ИНЕГ, МИАТ зэрэг иргэний агаарын тээврийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах үеэр аж ахуйн нэгжийн удирдлага, мэргэжилтнүүд хэлж байв.


Нэг нисгэгчийг баклаврын түвшинд бэлтгэхэд 140 мянган ам.доллар шаардлагатай байдаг бол инженерийг 80-100 мянган ам.доллараар бэлтгэдэг байна. Цаашид шаардлагатай боловсон хүчний бэлтгэхэд нисэх хүчний сургуулиудтай хамтран одоо ашиглаж байгаа Чингис хаан нисэх буудлыг олон улсын сургалт, дадлагын бааз болгон ашиглах хэрэгтэй. Ингэснээр боловсон хүчнээ гадаадын их дээд сургуулиудтай хамтран бэлдэх боломж бүрдэнэ гэж ИНЕГ болон “МИАТ” ХК-ийн удирдлага үзэж байна.

УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан, Чингис хаан нисэх буудлыг цаашид орон нутгийн нислэг хөөргөх, хүлээн авах, олон улсын сургалт дадлага, агаарын хөлөгийн засвар үйлчилгээний бааз болгон ашиглах нь зүйтэй. Зарим орон нутагт олон улсын зэрэглэлтэй нисэх буудал байх шаардлагатай. Энэ бүхнийг дэмжиж ажиллана” гэдгээ илэрхийлсэн юм. Тэрээр, иргэний агаарын тээврийн салбарт үйлчилгээ эрхлэж байгаа төрийн болон хувийн хэвшлийн ААН-үүдэд тэгш боломжийг олгож өрсөлдүүлэх зарчмыг баримталж байгаагаа хэлсэн юм.

Одоогоор манай улсаас иргэний агаарын тээврийн чиглэлээр 60 гаруй оюутан ОХУ, АНУ, Канад, Тайланд БНСУ-д суралцаж байна.

Б.Болд

Гэрэл зургуудыг Б.Чадраабал

Холбоотой мэдээ