Шагайн харвааны тэмцээнд оролцогчдын хамгийн залуу нь 14 настай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2019-02-19 15:39:25

Ховд /МОНЦАМЭ/ XVII жарны Тийн урвуулагч хэмээх Шороон гахай жилийн Үндэсний шагайн харвааны "Ууган харваа” хоёрдугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн Биеийн тамир, спортын газарт боллоо.

Ардын уламжлалт тоглоом наадгайг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, биет бус соёлын өвөө хадгалж үлдэх, залгамж халааг бэлдэх зорилготой уг шагайн харвааг аймгийн ИТХ-ын нэрэмжит болгон, Ховд аймаг дахь Шагайн Харвааны Салбар Холбооноос 3 дахь удаагаа зохион байгуулж байгаагаараа онцлог болж байна. Ховд аймгийн хэмжээнд 80 орчим шагайн харваач байдаг. Энэ удаагийн тэмцээнд 7 багийн 40 гаруй харваач оролцож, багийн болон цуваа харваа гэсэн хоёр төрлөөр цэц мэргэнээ сорин өрсөлдсөн юм. Үүнээс Монгол Улсын хүндэт харваач 5, аймгийн гоц мэргэн 9, аймгийн мэргэн 4, аймгийн дэд мэргэн 2, залуу харваач 25 байсан ба хамгийн ахмад харваач нь 80 настай,  хамгийн залуу оролцогч нь 14 настай байлаа. 

Шороон Гахай жилийн “Ууган харваа”-ны багийн төрөлд тэргүүн байранд Аймгийн гоц мэргэн М.Энхжаргал ахлагчтай Ховд дулааны станц ТӨХК-ийн баг,  дэд байранд Аймгийн гоц мэргэн Б.Нармандах ахлагчтай Хос алтай багийн харваачид, гуравдугаар байранд Аймгийн гоц мэргэн Ч.Сандагсүрэн ахлагчтай ШШГГ-ын Хорих 457-р нээлттэй хаалттай хорих ангийн баг тус тус шалгарлаа. Харин ганцаарчилсан цуваа харвааны төрөлд Алтан жолоо багийн харваач Аймгийн мэргэн Б.Энхбаяр 20 сумнаас 17 онож  тэргүүн байр, Ховд дулааны станц ТӨХК-ний харваач Аймгийн гоц мэргэн М.Энхжаргал 20 сумнаас 16 онож дэд  байр, ЗХ-123 ангийн харваач Г.Өнөрбаясгалан 20 сумнаас 15 онож гуравдугаар байр, ШШГГ-ын Хорих 457-р нээлттэй хаалттай хорих ангийн харваач Аймгийн гоц мэргэн Н.Чулуунбаатар 20 сумнаас 15 онож дөрөвдүгээр байр, Цагдаагийн газрын харваач Аймгийн дэд мэргэн Ц.Пүрэвхүү 20 сумнаас 12 онож тавдугаар байранд шалгарч, шагналаа гардан авлаа. 

Шагайн харваа нь Монголын ард түмний үндэсний уламжлалт спорт-тоглоомын нэгэн төрөл бөгөөд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж, 2014 онд Юнеско-гийн биет бус соёлын өвд албан ёсоор бүртгэгдсэн. Харин манай аймагт  Шагайн Харваачид  2004 оноос эхлэн нэгдсэн зохион байгуулалтад орж,  Жаргалант сумаас гадна Эрдэнэбүрэн, Манхан суманд Шагайн харвааны холбоо байгуулан, орон нутагт шагайн харвааг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд онцгойлон анхаарч  ажиллаж байна. “Ууган харваа”-ны нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн нар оролцож, нийт харваачдад амжилт хүсэхийн зэрэгцээ  сум тавьсан юм. Энэ үеэр хөдөөгийн зарим сумдаас харваачид оролцож, тэмцээний  цар хүрээ жил бүр  өргөжин хөгжиж байгааг зохион байгуулагчид онцоллоо.

Шороон Гахай жилийн "Ууган харваа” нь цаашид орон нутагт шагайн харвааг хөгжүүлэх чиглэлээр хийгдэх олон чухал арга хэмжээний эхлэл болсон ба  ахмад, дунд, залуу үеийн харваачид харилцан туршлага судлах, залуу үеийнхэнд бие бялдар, гоо зүйн хүмүүжил олгох, эрүүл мэнд, сэтгэл зүйн хатуужлыг бэхжүүлэх зэрэг чухал ач холбогдолтой болохыг оролцогчид онцлон хэллээ. 

                                                                                                                   Н.Лхагва



 


Холбоотой мэдээ