“Ард кредит” үнэт цаасаа гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-02-18 16:11:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид шинээр бүртгэгдсэн “Ард Кредит ББСБ” ХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалга өнөөдөр эхэллээ.

 Тус компанийн үнэт цаасыг танилцуулах ёслолд СЗХ-ны Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн, Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай, "Ард санхүүгийн нэгдэл" ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, “Ард Кредит ББСБ” ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганзориг, "Ард капитал групп" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр нар оролцож, Монголын Хөрөнгийн биржийн 5.912 дахь арилжааг эхлүүлэх хүндэтгэлийн цанг цохилоо. 

 "Ард санхүүгийн нэгдэл" ХК-ийн хөрөнгө оруулалттай компанийн нэг "Ард кредит ББСБ" ХК нь зээл олгох, цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулга зэрэг үйлчилгээг эрхэлдэг юм. Зээлийн бүтээгдэхүүнийг санхүүжүүлэх зорилгоор нийт хувьцааныхаа 25 хувь буюу 70 сая ширхэг хувьцааг нэг бүрийг нь 70 төгрөг ба түүнээс доошгүй (70-85 төгрөг) төгрөгөөр олон нийтэд санал болгон худалдаж, нийт 4.9 тэрбум төгрөг ба түүнээс доошгүй хэмжээний төгрөгийг татан төвлөрүүлэхээр ажиллаж байна. Үнэт цаасны худалдан авах захиалгыг өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 1 хүртэл Монголын Хөрөнгийн биржийн бүх гишүүн үнэт цаасны компаниар дамжуулан хүлээн авах юм. 

 

Ард Кредит нь санхүүгийн салбарт дэвшилтэт технологийг нэвтрүүлэн Монгол хүн бүр өөрийн үйлчлүүлдэг санхүүгийн байгууллагынхаа хувьцааг эзэмшиж, ашиг шимээс хүртэх боломжийг бий болгох зорилгыг дэвшүүлэн ажилласны үр дүнд олон нийтийн эзэмшлийн Финтек компани болох ажлаа ийнхүү эхлүүлж байна. Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал Ч.Ганзориг, “Өнгөрсөн сард Ард Апп бэлэн болсноор санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлэх финтек банк болох зорилгоо биелүүлсэн. Одоо ийнхүү олон нийтийн эзэмшлийн компани болох алхмаа эхлүүлж байна. Манай компани Монголын хөрөнгийн болоод санхүүгийн зах зээлийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

 

“Ард Кредит ББСБ”-ын гаргаж буй хувьцааг үнэт цаасны аль ч компаниар дамжуулан захиалж болохоос гадна Ард Апп болон АрдX апп-уудыг ашиглан онлайнаар захиалга өгөх боломжтой. Тус компанийн хувьцааны андеррайтэраар Ард Капитал” болон туслах андеррайтэраар Ард Секюритиз үнэт цаасны компаниуд, хуулийн зөвлөхөөр өмгөөллийн ИЭлСи ХХН, үнэлгээний байгууллагаар БДО Аудит ХХК, аудитын байгууллагаар Далайван Аудит ХХК тус тус ажиллаж байна.

 

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

 

Холбоотой мэдээ