Шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалт өнгөрсөн оны түвшнээс нэмэгдээгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
192@montsame.mn
2019-02-16 16:25:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын шинжлэх ухааны салбарт зарцуулж буй төсөв, хөрөнгийг хөгжиж буй бусад орныхтой харьцуулахад 10 дахин бага байна.

Тодруулбал, манайд шинжлэх ухааны салбарт зарцуулж буй төсөв, хөрөнгө нь ДНБ-ий 0.1 хувь буюу нэг хувийг 10 хуваасны нэгтэй тэнцэх хэмжээтэй байна. Тэгвэл хөгжиж буй орнуудад ДНБ-ий нэгээс дээш хувийг шинжлэх ухаандаа зарцуулдаг байна. Шинжлэх ухааны салбараа хөгжүүлье гэвэл үйлдвэрлэлийг бий болгох ёстой. Ялангуяа бизнес эрхлэгчид гаднаас бэлэн технологийг их мөнгөөр худалдан авах ёстой гэсэн хатуу ойлголтоосоо салах цаг болж, дотоодын эрдэмтэн судлаачдын гаргасан шинэ шийдлийг хүлээж авах хэрэгтэй байгааг ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл онцолж байв.  


Шинжлэх ухааны салбарт оруулах хөрөнгийг урсгал зардал болон хөрөнгө оруулалтын зардал гэж хоёр хуваадгаас урсгал зардал нь эрдэм шинжилгээний ажилд зарцуулдаг хөрөнгө бөгөөд 2018 онд 12 тэрбум төгрөг олгохоос 10 тэрбум төгрөг болж хасагдаж иржээ. Хөрөнгө оруулалтын зардлыг оролцуулаад нийт дүнгээр шинжлэх ухааны салбарт олгох хөрөнгийг өнгөрсөн оны түвшнээс нэмээгүй байна. 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН шинжлэх ухааны зардал буюу эрдэмтэн судлаачид судлагаа шинжилгээ хийх зардал мөнгийг 2020 он гэхэд тав дахин нэмнэ гэсэн мөрийн хөтөлбөр дэвшүүлж байсан ч хэрэгжүүлээгүйг ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл хэлж байна.

Холбоотой мэдээ