"Уншлагыг дэмжье" уриатай сарын аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-02-15 09:37:00

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, номын сан хамтран 2-р сарын 18-аас 3-р сарын 18 хүртэл "Уншлагыг дэмжье" аянг аймгийн хэмжээнд зохион байгуулахаар боллоо.

БСШУСЯ-аас өнгөрсөн оны 10-р сард "Уншлагыг дэмжих" журам гарсан байна. Журам байгууллага, хамт олон, гэр бүлийн ном унших дур сонирхлыг төрүүлэхэд чиглэгдсэн байна. Энэ журмын хэрэгжилтийг хангах зорилгоор БСУГ, номын сан хамтран аймгийн хэмжээнд дагаж мөрдөх "Уншлагыг дэмжье" аяны хүрээнд удирдамж боловсруулан, 2 талаас гарын үсэг зуран өнөөдөр баталгаажууллаа.


Ном тойрсон арга хэмжээний аян цаашид жилийн турш үргэлжлэх бөгөөд эхний аянд ЕБС-ийн ахлах, дунд ангийнхан болон багш нарыг хамруулахаар төлөвлөжээ. Энэ аяны хүрээнд номын сангаар үйлчлүүлж анги, хамт олноороо  ном уншиж, тэмдэглэл хөтлөхөд сургах гэнэ.

Удирдамжийн зорилго хүүхдийг ном уншуулж тэмдэглэл хөтлүүлэх, багш, хүүхдүүд унших номын жагсаалт гаргах, номыг бүтээлчээр унших, сум болгон сургуулийн номын санг төсвийн хөрөнгө болон хандиваар баяжуулах, айл өрх бүр гэрийн номын сантай болгох, бүтээлчээр ном унших гарын авлага, зөвлөмж сургууль бүр өөрсдөө гаргаж тараах, сургуулийн дэргэдэх "Утга зохиолын дугуйлан"-г эрчимжүүлэх, чанаржуулах, сурагчдыг бүтээлч, эрэлхийлэх арга барилд сургахад чиглэж байгаа ажээ.

Мөн түүх соёл, ёс, зан заншлаа дээдлэн эх оронч үзэл төлөвшүүлэх, үндэсний бахархлыг сэргээх зорилгоор шүлэг, найраглал цээжлүүлэх чиглэл ч өгч байгаа юм байна. Аяны хүрээнд "Бүтээлч уншлага" арга хэмжээ явуулж, номыг уншсанаар ямар үр дүнд хүрэв гэдгийг  аймгийн хэмжээнд дүгнэж, урамшуулна хэмээн номын сангийн дарга А.Ням-Од мэдээллээ.

Холбоотой мэдээ