Өнгөрсөн оны байдлаар 382 иргэнд 13,2 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-02-15 11:25:47

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн арилжааны банкуудын үйл ажиллагаа, инфляци болон ипотекийн зээлийн олголт, 2019 онд баримтлах мөнгөний бодлогын асуудлаар Баян-Өлгий аймаг дахь Монголбанкны салбарын захирал Х.Серёжатай ярилцлаа.


-Баян-Өлгий аймгийн арилжааны банкнуудын үйл ажиллагаа хэр явагдаж байна?

-Манай аймагт арилжааны зургаан банк үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа. 2018 оны эцсийн байдлаар банкнуудын  нийт зээлийн үлдэгдэл 174.4 тэрбум төгрөг байна. Үүнээс хугацаа хэтэрсэн зээл 1.3 хувь, чанаргүй зээл 0.93 хувьтай гарсан. Иргэдийн хадгаламжийн нийт үлдэгдэл аймгийн хэмжээнд 105,3 тэрбум төгрөг байна.

-Арилжааны банкнуудын олгосон зээлийн эргэн төлөлт ямархуу байна?

-Арилжааны банкнуудын зээл хэвийн олгогдож байгаа. Өнгөрсөн онд нийтдээ 179.8 тэрбум төгрөгийн зээл олгож, 138.3 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлүүлсэн байна. 2018 оны эхэнд иргэдийн гар дээрх зээлийн үлдэгдэл 132.8 тэрбум төгрөг байсан бол оны эцэст 41.56 тэрбум төгрөгөөр нэмэгдэн 174.43 тэрбум төгрөгт хүрсэн. Зээлийн эргэн төлөлтийн хувьд харьцангуй гайгүй байгаа.

-Тус аймагт зээлийн дундаж хүү нь хэдтэй байгаа вэ? Засгийн газраас тэтгэврийн зээлийн хүүг бууруулсан гэж мэдээлсэн. Энэ нь манай аймагт мөрдөгдөж байгаа юу?

-Зээлийн хүүний хувьд цалингийн зээлийн дундаж хүү 1.3-1.6 хувь, бизнесийн зээлийн дундаж хүү 1.5-2.2 хувьтай олгож байгаа. Тэтгэврийн зээлийн хувьд жилийн 10-18 хувийн  дундаж хүүтэй байна.

-Аймгийн хэмжээнд инфляцын түвшин хэдэн хувьтай гарсан бэ?

ны эцсийн байдлаар дундаж инфляц Улаанбаатар хотод 9,7 хувь, манай аймагт 6,9 хувь, улсын хэмжээнд дундаж инфляц 8,1 хувьтай гарсан.

-Монголбанкнаас бодлогын хүүг тодорхойлж байдаг. Одоогийн мөрдөж байгаа бодлогын хүү хэдэн хувь байгаа вэ?

-Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөл 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хуралдаж, бодлогын хүүг 11 хувьд хэвээрээ хадгалах шийдвэр гаргасан. Одоо энэ хүү мөрдөгдөж байгаа. Улсын хэмжээнд дундаж инфляци 8.1 хувьтай гарсан гэж дээр хэллээ. Нийлүүлэлтийн шалтгаанаар мах, шатахуун, хатуу түлш зэрэг барааны үнэ өссөн нь инфляцад голлон нөлөөлсөн. Цалин болон дотоод эрэлтийн өсөлтөөр дамжин эрэлтийн шалтгаантай хүчин зүйлсийн инфляцад үзүүлэх нөлөө ирэх онд нэмэгдэхээр байна.

-Энэ оны эхнээс хэрэглээний зээлийн хугацааг 30 сараар хязгаарласан. Уг шийдвэрт иргэдийн зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаа асуудал байгаа. Үүнд ямар тайлбар хэлэх вэ?

-Төв банкны гол зорилго нь үнийн тогтвортой байдлыг хангаж явдал юм. Сэргэж буй эдийн засгийн өсөлтийг мөнгөний бодлогын зөв арга хэрэгслээр хангаж ажиллах шаардлагатай байгаа. Эдийн засагт аж ахуйн нэгжүүдээс гадна иргэдийн хэрэглээний зээл нэмэгдсээр байна. Гэтэл зээлийн өсөлт нь эдийн засаг уналтад орсон үед иргэдийг өрийн дарамтад оруулах эрсдэл дагуулдаг аюултай. Ирээдүйд эдгээр эрсдэлээс болгоомжлох зорилгоор уламжлалт мөнгөний бодлого болох хүүгийн бодлоготой хоршуулсан макро зохистой бодлогын арга хэмжээнүүд авч ажиллаж байна. Зээл хурдацтай өсч, өрхийн өр, импортыг нэмэгдүүлж, санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй тул макро зохистой бодлогын хүрээнд ипотекийн бус иргэдийн хэрэглээний зээлийн хугацааг 30 сараас хэтрүүлэхгүй байхаар тогтоосон. Энэ бол иргэдийг өрийн дарамтад оруулахаас сэргийлж байгаа шийдвэр гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Ипотекийн зээлийн олголт хэр байна? 

-Засгийн газрын 2018 оны 369 тоот тогтоолоор баталсан “Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам”-ыг энэ оны нэгдүгээр сараас мөрдөж эхэлж байна. Монголбанк, Засгийн газраас ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2018 онд тус аймгийн 92 иргэнд 835 сая төгрөгийн зээл олгожээ. Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2013 оноос одоог хүртэл  нийтдээ 13,2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 382 иргэнд олгосон байдаг. Улсын хэмжээнд Монголбанкны эх үүсвэрээс 191.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2768 иргэнд, Засгийн газрын эх үүсвэрээс 118.1 тэрбум төгрөгийг 1908 иргэнд олгосон. 2019 онд 500 орчим тэрбум төгрөгийг ипотекийн зээлд зарцуулахаар төлөвлөсөн байгаа.

-2019 оны мөнгөний бодлогын ямар зорилт дэвшүүлж ажиллаж байна?

-Бид 2019 онд банкны салбарын дархлааг нэмэгдүүлэх, эдийн засгийн гадаад орчны нөлөөгөөр гадаад валютын урсгалаас шалтгаалсан санхүүгийн хэлбэлзлийн далайцыг бууруулах, эдийн засгийн өсөлт дагасан зээлийн огцом тэлэлтээс сэргийлэх зорилгоор бизнесийн мөчлөг сөрсөн макро зохистой бодлогын хэрэгслүүдийг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлнэ. Энэхүү арга хэмжээ нь бодит эдийн засгийн идэвхжлээс хамаарч хэт халалт үүсэх, эсвэл эдийн засгийн уналт үүссэн тохиолдолд түүнээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой. Тиймээс банкны системийн эрсдэл хуримтлагдахаас сэргийлсэн макро зохистой бодлогыг хүүнд суурилсан мөнгөний бодлоготой хослуулах нь илүү үр дүнтэй байдаг.      

-Баярлалаа!

 

Холбоотой мэдээ