Ази тивийн аваргын төлөө өрсөлдөх залуу бөхчүүд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-02-13 10:06:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн 23 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монгол Улсын баг тамирчдыг сонгох “Сорил” тэмцээн өчигдөр /02.12/ “Буянт-Ухаа” спортын ордонд боллоо.


Тус тэмцээнд нийт 20 байгууллагын 186 тамирчин эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 жинд өрсөлдөв. Энэхүү Ази тивийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн гуравдугаар сарын 23-26-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах юм.


Ази тивийн АШТ-ий мөнгөн медальт, өсвөр үеийн Азийн аварга З.Занабазар, Азийн өсвөр үеийн аварга Т.Тулга, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Г.Ганхуяг, Ц.Намуунцэцэг, залуучуудын ДАШТ-ий мөнгөн  медальт Э.Дэлгэрмаа, Б.Халиунаа, хүрэл медальт Н.Насанбуян, Э.Тэмүүлэн, Б.Болор-Эрдэнэ, Б.Энхцэцэг, залуучуудын олимпийн наадмын медальт Б.Дөлгөөн, өсвөр үеийн ДАШТ-ий медальт З.Сумьяабазар, Б.Хонгорзул, Д.Отгонжаргал, Б.Эрдэнэсувд, залуучуудын Азийн аварга Б.Цэцэгбаяр, өсвөр үеийн Азийн аварга Ө.Пүрэвсүрэн, залуучууд, өсвөр үеийн Азийн АШТ-ий медальт Б.Лхагвагэрэл, Ц.Цогбадрах, Т.Мөнгөншагай, Э.Бямбадорж, Х.Болортуяа, Э.Даваанасан, Н.Анударь, Б.Чимгээ тэргүүтэй манай чөлөөт бөхийн залгамжлагч залуу хүчтэнүүд хүч, ур чадвараа сорьсон юм.


Жин тус бүрт магнайлсан тамирчин ирэх сард нутгийнхаа дэвжээн дээр тивийн залуу бөхчүүдтэй өрсөлдөх эрхээ авах байв. Эрчүүдийн ялангуяа хөнгөн жингүүдэд гал гарсан олон барилдаан боллоо. Тухайлбал, 57 кг-д өнгөрсөн жилийн УАШТ-ий мөнгөн медальт, СМ Ц.Чинзориг доод жиндээ хүч үзэж, ОУХМ З.Занабазар, Б.Ариунболд, Б.Түмэнцогт нарын шилдгүүдийг ялж аварга болов.


Өнгөрсөн жилийн насанд хүрэгчдийн 57 кг-д аваргалсан ОУХМ Ц.Цогбадрах дээд жиндээ буюу 61 кг-д, өсвөр үеийн Азийн аварга ОУХМ Т.Тулга 65 кг-д, ОУХМ Э.Тэмүүлэн 70 кг-д, ОУХМ М.Лхагвагэрэл 125 кг-д бүх өрсөлдөгчөө цэвэр ялж тус тус түрүүллээ. Эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жинд 2018 оны 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Ц.Намуунцэцэг, Б.Чимгээ, Н.Анударь, Ч.Отгонтуяа, Н.Азжаргал нарыг тус тус ялж аварга боллоо. Эрэгтэйчүүдийн жин тус бүрт мөнгөн медаль хүртсэн тамирчид Улаанбаатарт болох Азийн АШТ-д сонгомол бөхийн төрөлд хүч сорих боломжтой.

Холбоотой мэдээ