Монгол адууны удмын санд аюул учруулж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-01-31 15:35:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол адуу судлаачид, уяачдын холбоод болон ахмад уяачдын төлөөлөл нэгдэн, өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн бага хурал зохион байгуулав. Тэд эрлийз адууг монгол адуутай уралдуулахыг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.


Аль эрт монгол адуугаа эрлийз адуунаас яаж ялгах вэ? гэдгийг манай судлаач, эрдэмтэд тов тодорхой гаргаад ирсэн. Орчин үед дэлхий нийт цусны шинжилгээгээр адууг яв цав тодорхойлдог болсон. Гэтэл хэдхэн хоногийн өмнө болсон Монголын морин спорт, уяачдын холбоо /ММСУХ/-ны YII их хуралд оролцсон төлөөлөгчид хувийн явцуу эрх ашгаа бодож хурдан морины сэрвээний өндрийг л хэмжиж уралдуулна хэмээн шийдвэрлэсэн. Энэ нь бодлогогүй шийдвэр хэмээн тэд үзэж байгаа аж.


Мөн цааш хэлэхдээ, ММСУХ-ны 21 аймаг, 330 сумын уяачдаас авсан санал асуулгаар, 82,6 хувь нь цэвэр монгол адууг уралдуулахыг дэмжсэн. Гэтэл тус Их хурлаар Монголын олон мянган уяачдын эрх ашгийг хөсөр хаялаа. Сүүлийн 10 гаруй жилд эрлийз адуутай баячууд л түрүүлдэг, айрагддаг болсон. Харин монгол адуу нь арван хэдээр л давхиж байгаа.


Манай уяачдын том цолтой, хөрөнгө чинээтэй улсууд нь өөрсдийн хүсэл сонирхлоо дээгүүрт тавьж, Монголын уламжлалт өв соёлыг алдар нэр, эд мөнгөний уралдаан болгож байна. Монгол түмний өв соёлын нэгэнд морин уралдааны их өв соёл, уламжлалт дэг ёс, зан үйл багтдаг. Яагаад үүнд Монголын төр засаг зүй зохистой зөв шийдвэр гаргаж чадахгүй байна вэ? Орчин үед цусны шинжилгээгээр ямар үүлдрийн адуу гэдгийг тодорхойлж байхад бид нүд, хамар, чих гэх мэтээр нь ямар адуу гэдгийг шинжээд байх шаардлагагүй хэмээн санал нэгтэй хэлж байв.


Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уяач, яруу найрагч С.Амартайван: “ММСУХ-ны YII Их хурал нь монгол адуугаа дангаар нь уралдуулах гэсэн Монголын нийт уяачдын нэгдмэл саналыг үл ойшоолоо. Адууг эрлийзжүүлснээр эрс тэс уур амьсгалдаа дасан зохицсон монгол адууны удмын санд аюул учруулж эхэллээ. Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт адууны мэдэгдэхгүй өвчин өнгөрсөн намраас /2018 оны 10 сараас/ гарах болсон. Тухайлбал, Адууны хойд хоёр хөл нь гуйвж байгаад хэвтээд өгдөг.  Тэгээд хэд хоног маш их халуураад үхэж байна. Мал эмнэлгийнхэн “Адууны хачгийн халуун” гэх өвчин гэж мэдээлж байгаа. Зарим нь цусны өвчин ч гэж байгаа. Ямар ч байсан энэ өвчин одоо хэдэн мянган "адууны аминд хүрчихээд" байна. Өвчилсөн адуунаас шинжилгээ авсан, удахгүй хариу нь гарах байх. Одоо ч энэ өвчин гарсаар байгаа. Манайх гэхэд л мянгаад адуутай, үүнээс 100 гаруй адуу үрэгдээд байна. Онцлон хэлэхэд, мал эмнэлгийнхэн малын өвчнийг шуурхай оношилж чадахгүй, яаралтай арга хэмжээ авахгүй байсаар цаг алдаж байна. Тэдний мэдлэг, чадвар нь ч маш хангалтгүй байгаа. Өвөрмонголд шүлхий өвчин гарлаа гэхэд даруй эм, тариагаар эмчилж, шуурхай арга хэмжээ авдаг бол манайд шууд устгаад л булж орхидог” хэмээн ярив.

Холбоотой мэдээ